Шууд Chart

БНХАУ-ын ногоон хөгжлийн гол зорилго нь хүмүүсийн сайн сайхан…

2024-07-15 10:00:16

Хятадын Коммунист Нам долоодугаар сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотод 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлыг хуралдуулж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрнээр нь гүнзгийрүүлэх, Хятадын шинэчлэлийг ахиулах асуудлыг хэлэлцэнэ.

Өөрчлөлт, нээлт бол Хятадын хоёр дахь хувьсгал, Хятад улс төдийгүй дэлхийн хөгжил дэвшлийн түүхэн замнал юм.

Энэ үйл явц Хятад улсыг гүн гүнзгий өөрчилж, дэлхийн дүр төрхөд ч ихээхэн нөлөөлсөн.

"CGTN First Voice" телевиз өөрчлөлт нээлтийн үеэс хойших Хятад улсын эдийн засаг, улс төр, нийгэм, экологийн салбарт ололт амжилтыг судлах зорилгоор Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Экологийн соёл иргэншлийн судалгааны хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засгийн судалгааны албаны захирал Юй Шянтай хамтран уг нийтлэлийг гаргасан байна.

Нийтлэлд зохиогчийн санаа бодол багтсан байж болох бөгөөд энэ нь редакцын үзэл бодлыг илэрхийлэхгүй.

Хятад улс ногоон хөгжлийг эрэлхийлэх нь мэдээж улс орных ирээдүйд эерэг ач холбогдолтой. Гэвч үүгээр зогсохгүй дэлхийн экологийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтөд ч чухал ач холбогдолтой юм.

Хятадын коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс эдийн засгийн өсөлтийн загвараа өөрчилж, экологийн соёл иргэншлийг дэмжин, байгалийн нөөц баялгийг хэмнэж, байгальд ээлтэй нийгмийг хөгжүүлж байна. Энэхүү өөрчлөлт нь байгалийн нөөц, нөхөн сэргэх байдал гээд байгалийн хуулиуд дээр тулгуурлан тогтвортой хөгжлийг гол зорилгоо болгодог.

Хятадын ногоон болон нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтийн тод жишээ бол Хятадад эрчимтэй хөгжиж буй шинэ эрчим хүчний салбар юм. Удаан хугацааны турш хэрэглэгчид автомашин худалдан авахдаа дэлхийн томоохон брэндүүдийн бензин машиныг илүүд үздэг байлаа. Тухайн үед хотын замын хөдөлгөөнд цахилгаан машин ч ховор үзэгддэг байв. Гэсэн хэдий ч Хятад улс экологийн санаачилгаа ахиулан хөгжүүлснээр олон тооны ногоон үйлдвэрүүд хөгжиж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл (NEVs) тэргүүлэх байр суурийг эзлэх болоод байна.

NEV машин жолоодох нь Хятадын залуу үеийнхний хэрэглээний чиг хандлага болоод байна. Тэдний хувьд ухаалаг суудал, өндөр технологи дээр суурилсан, дуу хоолойгоор удирдах харилцан ярианы төхөөрөмжтэй NEV нь зөвхөн тээврийн хэрэгсэл биш төдийгүй утаагүй бохирдол ялгаруулалгүй аялж, амарч зугаалах тав тухтай орчин юм. Хятадын автомашины худалдаачдын нийгэмлэгийн мэдээлснээр, энэ оны 4-р сарын эхний хагаст Хятадын шинэ эрчим хүчний суудлын автомашины жижиглэнгийн худалдаанд эзэлсэн хэмжээ 50 хувиас давж, анх удаа түлшээр ажилладаг автомашины эзлэх хувийг давсан байна.

NEV-ийн түгэн дэлгэрч буй байдал нь Хятадын ногоон хөгжлийн зөвхөн нэг л тал аж. Тус улс байгалийн баялгаа ногоон эрчим хүч болгон үр ашигтайгаар хувиргаж байна. Говь цөлд фотоволтайк хавтангийн хэсэг нь тэнгэрийн хаяа хүртэл харагдаж, төгсгөлгүй мэт үргэлжилж байна. Мөн уул, далайд салхин сэнс тогтуун эргэлдэнэ. Харин хот, хөдөөд нарны зайн хавтангууд барилга байшингийн дээвэр, тагтнуудын гол чимэг болоод байгаа юм. Түүнчлэн салхи, нарны эрчим хүчээр цэнэглэгдэн ажилладаг LED гэрэлтүүлэг нь зам, гудамжнуудыг гэрлээр хангаж байна.

Шинэ эрчим хүчний эх үүсвэрээр тэргүүлсэн ногоон технологи нь Хятадын нийгэмд жишиг болж, үр ашигтай, цэвэр, ногоон үйлдвэрлэлийн арга барилыг бий болгож, дижитал, эрчим хүч, нүүрстөрөгч багатай дэд бүтцийг шинэчлэхэд түлхэц өгч байна. Хятад улс ногоон эрчим хүч, зам тээвэр, барилга байгууламж зэрэг салбаруудад ногоон хөгжлийн асар олон том шинэ боломж, чадамжийг бий болгож байна.

Шинэ эрчим хүч бол Хятадын иж бүрэн ногоон шилжилтийн дөнгөж эхлэл юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс хөгжиж буй экологийн соёл иргэншлээ улс нийтээрээ бэхжүүлж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалангийн талбай, нуур, бэлчээрийн гээд цогц менежментийг хэрэгжүүлж байна. Урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээ, эрч хүч, үр дүнтэй хүчин чармайлт нь экологийн соёл иргэншлийн хувьд ойлголтоос практикт шилжих энэхүү өөрчлөлтийг гаргасан юм.

Тэнгэр цөлийн өмнөд хязгаарт орших Бабуша нь Ганьсу мужийн Гуланг хошууны хамгийн том элсэн цөл газар байсан юм. Хятадын элсний шинжилгээний ажилчид тэрхүү газар 133 сая квадрат метр талбайг ойжуулж, цөлжилтийн эсрэг амжилттай тэмцэж байна.

Сүүлийн 20 жил орчмын хугацаанд л гэхэд Хятадын хиймэл ойн талбайн хэмжээ 876 мянган хавтгай дөрвөлжин километрт хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэж эхэлсэн бөгөөд дэлхийн ногоон байгууламжийн өсөлтийн дөрөвний нэгийг Хятад улс дангаар бүрдүүлж байна. 2023 онд Хятад улсад мужийн төвшний хотуудад PM2.5-ын дундаж агууламж 30 микрограмм куб метрт хүрсэн нь дэлхийн агаарын чанар хамгийн хурдан сайжирсан улс болсон юм. Мөн онд Хятадын гадаргын усны 89.4 хувь нь тус улсын таван түвшний усны чанарын системийн III зэрэглэлийн чанарыг хангасан буюу хөгжингүй орнуудын жишигт ойртсон байна.

Хятад улсын өөрийн орныхоо байгаль орчны асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт нь дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, озон задалдаг бодисыг хянахад Хятад улс хөгжиж буй орнууд дахь энэ төрлийн бодисын 50 гаруй хувийг устгаж, дэлхийн озоны давхаргыг хамгаалахад дэлхийн хэмжээнд хамгийн том хувь нэмэр оруулсан орон болжээ.

Хятад улс дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд экспортлогчийн хувьд эдийн засгийн түвшин, нөөц баялаг, соёлын онцлогтой улс орнуудад ногоон бүтээгдэхүүн нийлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих дэлхийн хүчин чармайлтад тусалж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Хятад улс дэлхийн нарны фото цахилгаан модулийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 80 гаруй хувийг эзэмшдэг. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, 2023 онд Хятадын цэвэр цахилгаан автомашины экспорт 80.9 хувиар өссөн бол hybrid буюу хосолмол хөдөлгүүрт автомашины экспорт өнгөрсөн оны мөн үеэс 47.8 хувиар өссөн байна.

2024 оны Хятадын хөгжлийн форум дээр “Mercedes-Benz” группийн Удирдах зөвлөлийн дарга Ола Каллениус хэлэхдээ, "Хятад бол шинэ эрчим хүчний автомашины (NEVs) хамгийн том зах зээл төдийгүй салбартаа тэргүүлэгч инновацын төв юм. Компаниуд болон төлөвшсөн NEV нийлүүлэлтийн сүлжээ, Хятадын зах зээл цаашид ч өсөж, салбартаа инновацын тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна." гэжээ.

Хятадын ногоон бүтээгдэхүүний экспортын гол зах зээлд АНУ, Европ, Япон зэрэг хөгжингүй эдийн засагтай орнууд, мөн Зүүн Өмнөд Ази, Энэтхэг зэрэг хөгжиж буй эдийн засаг багтдаг. Кенийн цахилгаан автобусны “BasiGo” гарааны компанийн гүйцэтгэх захирал Мосес Ндериту хэлэхдээ, "Хятад улс бол цахилгаан хөдөлгүүрт хөдөлгөөнөөр дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд Кени зэрэг Африкийн орнуудад нүүрстөрөгчийн хий бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэлбэрт шилжин орох хүсэл сонирхолд нь урам зориг өгч байна. Манай улсын зам дээр байгаа бараг бүх шинэ эрчим хүчний загварын машинуудыг Хятадаас импортолсон" гэж хэлэв.

Экологийн соёл иргэншлийг хөгжүүлэх Хятадын хүчин чармайлт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Экологийн соёл иргэншилд онцолсон үндсэн зарчмууд нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Хятад улс Парисын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгохын төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргаж, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг дээд цэгт нь хүргэж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах үүрэг хүлээсэн гээд цөөнгүй үлгэр жишээ үзүүлсэн.

Хятад улс ногоон хөгжлийн замаа үргэлжлүүлэн судалж байна. Тус улсын хөгжлийн стратеги нь тогтвортой хөгжил, нүүрстөрөгчийн хийн өөрчлөлт гээд дэлхий нийтийн уриа зорилтуудтай нийцэж байна. Мөн төдийгүй экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтаар дамжуулан экологийн зохицонгуй хөгжилд хүрч, хүн төрөлхтөн, байгаль хоёр зохицон оршдог экологийн чинээлэг нийгэм рүү шилжиж байгааг шинэ бүтээмжтэй хүчээр төлөөлүүлсэн шинэ санаа, хэтийн төлөв, үзэл баримтлал бий болж байна. Энэхүү экологийн хөгжил цэцэглэлт нь зөвхөн Хятадынх биш, нийт хүн төрөлхтний хамтын хөгжил цэцэглэлт юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ-ын ногоон хөгжлийн гол зорилго нь хүмүүсийн сайн сайхан…  
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй