Шууд Chart

АНУ-Монгол Улсын хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов

2024-08-02 14:58:40

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлалын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган болон бусад албан тушаалтнуудыг 2024 оны долоодугаар сарын 30-ы өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр дараах асуудлыг хэлэлцэж, үр дүнтэйгээр шийдэлд хүрэв. Үүнд;

- АНУ-Монгол Улсын стратегийн диалог уулзалтад Боловсролын сэдэвт дэд хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах талаар зөвшилцөв.

- Англофон буюу Англи хэлтэн улс орнуудын дугуй ширээний уулзалтыг үргэлжлүүлэхээр тохиролцов.

- Англи хэл заах арга зүйн чанарыг дээшлүүлэх хүрээнд “Бүх нийтийн Англи хэлний суралцуйг дэмжих хөтөлбөр” зэрэг санаачилгыг  Боловсролын сайдын зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

- АНУ-ын “Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах оюутныг тоог нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Боловсролын сайд илэрхийлж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд энэ тал дээр дэмжин ажиллахаа мэдэгдэв.

- АНУ дахь Монгол судлалын ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцаж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.    

- МУИС-д англи хэлний чадавхийн төв байгуулахаар тохиролцов.

Дашрамд сонирхуулахад, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд АНУ-аас жилдээ 120 хүний тэтгэлэг зохион байгуулж мөн багш сурган хүмүүжүүлэгчдийг дэмждэг. Тухайлбал, Фулбрайтын хөтөлбөр, Хюберт Хамфригийн хөтөлбөр, АНУ-ын Цэргийн академийн хөтөлбөр, UGRAD зэрэг хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Монгол Улсын суралцагчдыг тэтгэлэгтэй суралцуулж байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


АНУ-Монгол Улсын хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй