
Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн хүсэлт өнгөрөгч бямба гарагт автоматаар хүчингүй болсон талаар албаныхан мэдээллээ. Энэ жилийн хувьд нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөхөөр болсон бөгөөд эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх иргэдийн нэрсийг зарласан юм. Газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэд 15 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах ёстой боловч зарим иргэн баталгаажуулаагүй учраас санал нь ийнхүү хүчингүй болжээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Энэ жилээс эхлэн нийслэлийн хэмжээнд 52 байршлын 15 га газрыг өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар сонгож, эхнээсээ өмчлүүлээд явж байна. Гэвч газар өмчлөх эрх нь үүсчихээд байхад өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн эрх наймдугаар сард дууссан. Одоогоор хэчнээн иргэн эрхээ баталгаажуулаагүй вэ гэх албан тоо гараагүй байна. Бидэнд мэдэгдснээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон 4189 хүнээс ердөө 2900 нь л өргөдлөө баталгаажуулсан гэх мэдээ ирээд байгаа. Тэгэхээр эрхээ баталгаажуулаагүй 1289 иргэн байгаа гэсэн үг. Энэ тоо бусад дүүргүүдээс нэмэгдэх магадлалтай” гэлээ.
Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн санал хүчингүй болов | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.