“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи хамтран зохион байгуулж байгаа юм.
Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулж, мод тарих, гол усаа аргадах, шашин урлагийн зан үйлийг нуурын хөвөөнд зохион байгуулж, Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн, Дарьгангын түүх соёл, мөнгөн урлал, байгаль экологийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил, Дарьганга адууны соёл, Жаахан шарга дуугаар бэлгэ тэмдэг болгосон урлагийн тоглолт, Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар хийх аялал зэрэг олон үйл явдлуудыг багтаажээ.
Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь байгаль экологи-түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болох Монгол нутгийн нэгэн гайхамшигт баянбүрд болох Ганга нуурыг хамгаалах нь бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт ажээ.
“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах бөгөөд энэ нь Монголын аялал жуулчлалын нэгэн томоохон брэнд болох нь дамжиггүй гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хөтөлбөр хээр тал нутгийн өглөөний наранд цай сүүнийхээ дээж өргөх Наран тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, Ганга нуурын эко системийн хамгаалалт, ойн зурвас байгуулах бүтээлч ажлаар өндөрлөх аж.
“Ганга нуурын чуулган” аялал болно | ||
Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.