Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.08.28) Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска болон Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак нарыг албаны бусад зочдын хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хүндэт зочидтой байнгын хорооны гишүүдийн хамт уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв.
Тэрбээр үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламент дахь Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын биелэлтийг хурдасгахад хэрхэн уялдаж, дэмжин ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, Улсын Их Хурлаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй энэ чухал үед хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу байнгын хорооны гишүүд хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэхчилэн хамтын ажиллагааны онцлох чиглэлүүдэд өөр өөрсдийн оролцоо, туршлагаар дамжуулан үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.
УИХ: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.