Шууд Chart

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд 2025 оны төсвийн төслийг танилцууллаа

2024-09-25 18:18:46

Сангийн сайд Б.Жавхлан, ТНБД Ж.Ганбат болон газар, хэлтсийн дарга нар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, 2025 оны төсвийн төслийг танилцууллаа.
 
Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсвийн төсөөллөөр эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл сайжирч, улмаар эдийн засаг 8 орчим хувиар өсөх төлөв ажиглагдаж байна. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийг хэрэгжүүлэхэд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой импортын хэмжээ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Сангийн яамны тооцооллоор ирэх онд импорт 13,9 тэрбум ам.долларт хүрч, 18 хувиар өсөх төсөөлөл бий.
 
Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн учраас экспортын дүнг 2025 онд 18,9 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг төсвийн төсөлд тусгасан гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын либералчлал, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тэлэх зорилгоор хэрэгжүүлэх ажлуудыг онцоллоо. Эдгээр бүтээн байгуулалтууд 2025 онтой золгоод эхлэх учраас хэрэглээний үнийн индекс нэмэгдэх, инфляцд бага зэргийн өөрчлөлт үзүүлэх нөлөө бий. Тиймээс инфляцын түвшинг тогтвортой, 6 хувиас хэтрүүлэхгүй байхыг зорьж, 2025 оны төсвийн төслийг зурагласан" гэв.
 
Харин хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй талаараа танилцууллаа. Тиймээс нийт ипотекийн зээлийн санхүүжилтийн 60 орчим хувийг гэр хорооллын иргэдэд олгох бодлого хэрэгжих юм. Үндсэн агуулгаараа 2025 оны төсөв мега төслүүдэд зориулагдсан зарлагын дүн өндөртэй ч угтан буй 30 жилийн хөгжлийн гарааг товчлон төлөвлөгдсөн учраас өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад ач холбогдол өндөртэй төсвийн жил болно хэмээн танилцуулав.
 
Төсвийн төслийн танилцуулгын дараа УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд ирэх оны төсвийн төсөлд санал зөвлөмж өглөө гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд 2025 оны төсвийн төслийг танилцууллаа  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй