Шууд Chart

“Түгээмэл ёсны тунгаамал өв”, “Ам цагаан хулгана” номууд уншигчдын мэлмийг мялаана

2014-09-04 15:49:40

Зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаа “Түгээмэл ёсны тунгаамал өв” нэртэй Монгол ёс уламжлалын, “Ам цагаан хулгана” нэртэй үлгэрийн ном бичжээ. 

Өнөөдөр “өлгийдөн авсан”  бүтээлийн “Мэнд үг”-ийг зохиогч өөрөө бичсэн байна. Тэрбээр мэндийн үгэндээ хаант өвөг дээдсийнхээ амнаас үнэтэй үг сонсож, үнэн сургаалаар хүмүүжсэн ухааныг ном болгон бүтээж байгаадаа баяртай байна. Би багаасаа эмэг эхийн  дэргэд өсөж, заншил ёсны зах сэжүүрийг олж мэдэрсэн азтай хүн. Улмаар аав, ээж болон нутгийн тулхтай, ухаантай өвгөд минь монгол ёсны аль л эрхэм бүхнийг биеэр үлгэрлэж, дагуулан сургаж байлаа. Ухаан суугаад ирэхийн цагт сэтгүүлч гэдэг эрхэм хүндтэй мэргэжил эзэмшсэнээр газар газрын билиг оюунт хүмүүнтэй уулзан учирч явахдаа энэ л ёсноос оюуныхаа хүрээг тэлж онгод билгээ хөглөж явлаа. Иймд өөрийн судлан мэдсэнээ уншигч таньд толилуулж, гэгээн ухаанд тань нэмэр болгохыг зорьсон юм" хэмээжээ.

Харин номын өмнөтгөлд байх “Баяслын үг”-нд “Өдрөөс өдөрт гээгдэн мартагдаж байгаа үндэсний өв соёл, уламжлалт аж ахуй, ахуй амьдрал, ёс заншлыг сурвалжлан судалж, сурталчлан таниулахад 80 жилийн түүхтэй Монголын Радио ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний нэг баримт нь сэтгүүлч Галсангийн Болормаагийн хэвлүүлж буй энэ ном болно.         

Уг номын агуулга, үзэл санааны нэвтрэх “улаан шугам” нь монгол заншил бэлгэдлийн утга агуулга, учир холбогдлыг тайлан тайлбарлахын сацуу ёсыг ёсолж, ёрыг цээрлэж явах, байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх арга туршлага, сургамж, сургаалыг уншигчдад өгсөн явдал юм.
       
Ардын ярьдгаар хойчис үрсээ хожимдоо “Монголоо алдмарууд” болголгүй “Зөв монгол, ёстой монгол хүн” болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд энэ номын зориулга, ач холбогдол оршино” гэж Боловсролын Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний  ахлах ажилтан, доктор, профессор Д.Баттогтох бичжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Түгээмэл ёсны тунгаамал өв”, “Ам цагаан хулгана” номууд уншигчдын мэлмийг мялаана   
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй