Шууд Chart

Пүүжээ дарга / бичил хөрөг/

2014-09-05 10:38:46

    -Японоос юу авах вэ?
    -Машин авъя
    -Яаж авч явах юм бэ?
    -Далай хөлдөхөөр хөлөөр нь авч гарахгүй юу....
Бөөн инээдэм. Энд ч инээдэм, тэнд ч инээдэм. Энд ч үзэж хармаар сонин юм, тэнд ч барьж шинжмээр шинэ юм. Анх хилийн дээс алхаж үзэж буй 25-р суваг телевизийн Пүрэвням,  “Ардын эрх” сонины Ш.Батмөнх бид бүгд шинэ байлаа. Наргиан, дурсамжтай гэрэлт өдрүүд.. Бидэнтэй хэдэн архагууд хамт явлаа..

Монгол киноны оператор Г.Маш, “Үнэн” сонины эрхлэгч Төрмөнх, “Ардчилал” сонины сэтгүүлч Нанж.Лхагва, “Өнөөдөр сонины эрхлэгч Баарангийн Пүрэвдаш буюу Пүүжээ дарга.  Эхэнд өгүүлсэн маазарсан яриа мэтийг Б.Пүрэвдаш дарга гаргана. Энэ байтугай ч юм бий. “Пүүжээ өвчтэй хог юмаа, маш үнэтэй бөгж хэн нэгэнд нууцаар авчихлаа” гэдэг цуу дэгдээлгэж, Цогтоо эгчид борооны шүхэр сонгосон зэрэг нь алдартай. Тэр болгоныг нуршаад яахав. Арван зургаан жилийн тэртээд Номхон далайн эрэгт, Фүжи уулыг гайхан биширч, Японы эзэн хааны ордны хашаанд тамхи асааснаас болж торгуулах шахаж явав бид.  

Пүүжээ дарга бид хоёр бараг л тэр цагаас хойш амьдралын, аян замын уртад дөрөө гөлөм нийлүүлжээ. Шинэ мянган гарлаа. Засгийн эрхийг шинэ хүчин авлаа. Шинэ дарга ирлээ. Тэгэхэд би Программын захиргааны дарга нэртэй байв. 2000 оны 9 сарын 8-нд Пүүжээ дарга Монголын радиогийн дарга болов. Ажил авсан эхний өдрөө намайг дуудлаа.
-За хө  Баярсайхаан. Ажил төрөл нь сайн уу. Гэр орон нь сайн уу
-Сайн сайн.
-Тэгэхээр ингэнээ хө. Ажлаа өгч таарах нь дээ.
-Тэгэлгүй яах вэ.
-Чи хаана очмоор байна.
-Шинэ эриндээ л очмоор байна
-Аа, хулхи гэж. Том Баяраа Шинэ эриндээ очъё гээд байна. Чи уран зохиолд очвол яасан юм бэ.
-Өө, тэгье тэгье.

Ийм нэгэн яриа болж билээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Би ч шинэ дарга ирэхээр ажлаа өгч таарна гээд өрөөгөө цэвэрлэж, цэгцлээд бэлдсэн байлаа. Тэр цагт ОНРТ-ийн хууль гараагүй, Радио Телевиз засгийн газрын мэдлээс гараагүй байв. Ямар нам сонгуульд ялна, шинэ дарга ирдэг  байсан үе.

Пүүжээ дарга ирээд удаагүй, гурав дөрвөн сар болж байсан цаг. Х.Чилаажав бид хоёр санаачилж “Боломж” нэртэй өдөр тутам явдаг цэнгээнт хөтөлбөр бий болгов. Уран бүтээлийн багийн нэрийг Пүүжээ дарга өгсөн билээ. Монголын Радиогийн ерөнхий захирлын дэргэдэх уран бүтээлийн “Залуус” нэгдэл ингэж бий болсон юм. Өөрийн дэргэдэх уран бүтээлийн нэгдлийг сайн дэмжинэ, бид ч түүний итгэлийг алдахааргүй шинэчлэл хийж байсан болов уу.“Боломж” хөтөлбөрийг мэддэггүй, сонсдоггүй хөгшин хөвөө, хүүхэд залуус гэж байгаагүй. Радиод ирсэн захидлын 66 %  зөвхөн “Боломж” хөтөлбөрт хаяглагдаж байсан үе. Үнэндээ Пүүжээ дарга бидэнд их итгэж, дотносож, хүчир бүхнийг даалгадаг байлаа.

Итгэл...Энэ их нухацтай үг. Пүүжээ даргад нэг сайхан чанар бий. Хүнд итгэнэ. Итгэсэн бол хир халдаахгүй. Итгэсэн бол жижиг сажиг юманд оролцохгүй. Зүгээр л итгээд, найдаад, даатгаад орхино. Энэ чанар биднийг аливааг зоригтой, шинэлэг хийхэд, өөрийн толгой мэдэн бага сага шийдвэр гаргахад үргэлж дэм түшиг болж байлаа.

Уучлал.. Энэ бас хүн болгонд байдаггүй чанар. Пүүжээ дарга бол хүнийг уучилна. Ажил цалгардуулсан ч бай, архи ууж баларсан ч бай уучилна. Уучлахдаа зүгээр нэг уучлахгүй. Илдээ далай далайж, яг буулгахдаа их зөөлхөн буулгана. Хэд хоног үргэлж бодогдмоор хэдэн үг хэлнэ. Тоглоом наадмын завсар ч тэр, найрын ширээний ард ч тэр өнөөх үгээ үе үе цухуйлгана. Тэр тоолонд нь үгнийг нь тунг ойлгож мэдэрнэ дээ. Ингэж л хүнээр ажил хийлгэнэ, ингэж хүмүүжүүлнэ.

Нөхөрлөл... Нөхөрлөх гэж юу юм бэ. Зүгээр л нэг анд минь, найз минь гэж хэлчихээд ачир дээрээ огт өөр араншин гаргадаг хүн олон. Харин Пүүжээ дарга бол хүнтэй нөхөрлөж чадна. Нөхөрлөхдөө “нэг гэм нь” гучин нас ах хүнтэй ч нөхөрлөнө, гучин нас дүү хүнтэй ч нөхөрлөнө. Нөхөрлөлд болох болохгүйн тухай хил хязгаар, ойлголт бараг байхгүй. Ямар сайндаа л элчин сайд Д.Цахилгаан гуайн гавьяатын найр хөтлүүлэх гэж Г.Агааноровтой “нөхөрлөөд”, нөхөрлөл нь хэтрээд хамаг юмыг завхруулах билээ. Г.Агааноров  лавтай гучин нас дүү хүн шүү дээ. Тэгэхдээ энэ чанар нь түүнийг ямагт түшиж, хөгшин залуу олон арван нөхөртэй байлгаж, эрх мэдэлтэн, улс төрийн өөр намынхан ч бай “Пүүжээ эр хүн” гэдэг имижийг бий болгосон байх аа ер нь.

Хүнлэг... Хүнлэг байх нь хүн болгоны хүсдэг зүйл байх. Гэвч “ялихгүй зусар баяжихад садаа” гэж боддог хүн дийлэнх нь байж магад. Харин Пүүжээ даргын хүн чанар заримдаа ажилд төвөг болно. Цэндийн Чимиддоржийг архи ууж ажил таслав гээд шийтгэх гэхээр халагдах болчихоод байлаа. Пүүжээ дарга нэг мэргэн арга бодож олсон юм. “Чимиддоржоор бичээч хийлгэе” гэдэг. Хөөрхий, Чимээ ах минь бичээч болов оо. Нэг сар орчим болсон байх. Пүүжээ дарга “За хөөрхий, муу Чимидоржийгоо яаж ингэж байлгах вэ, нэвтрүүлгээ хийгээд яваг” гэсэн юм даг. Энэ бол өнөө дурсахад ч дулаахан сайхан дурсамж билээ. Хүн чанар төвөг болохын хувьд заримдаа “За муу эцгийг нь бодох юм, хөөрхий тэрний амьдрал нь тийм юм даа, наадах чинь халагдвал гудамжинд гарчихна эндээ торгоож байлгүй болохгүй, эхнэр нь цаадахийг чинь халаад  өг гэж утасдаж байна, би тэгж айлын авгайн үгээр нүгэл хийхгүй ээ” гэх мэтээр хүмүүсээ өмгөөлж хамгаална.

Өрөвдсөн хүмүүсийн зарим нь “За манай Пүүжээ дарга зөөлхөн” гэж даварч шинжгүй зан их гаргана. Тэглээ гээд гомдоод сүйд болохгүй. Ийм л нэг “төвөгтэй” чанар бий.

Редактор.. Пүүжээ даргад өгсөн юм танигдахын аргагүй цоохор юм болоод гарч ирнэ. Засварын дагуу ахиад янзалж шивчихээд уншихад илүү ч үгүй, дутуу ч үгүй яв цав болсон байна. Редакторлах гэдэг сэтгүүлчийн маш том чадвар билээ. Олон жил сонинд ажиллаж, хуучин цагт МАХН-ын Төв хороонд бичиг цаастай ноцолдож, аливааг хийгүй, зайгүй, илүү уран гоё юмгүй, уянгын хэтрүүлэл халилгүй хийж сурсан болов уу. Редакторлах ур чадварыг нь би лав бага сага суралцаж, савныхаа хэмжээгээр авсан юм даг. Ялангуяа албан бичгийн найруулга бол гойд нарийн зүйл шүү дээ. Пүүжээ дарга албан бичгийн эх зохиох, албан бичиг засч найруулахдаа гаргууд. Хэзээ ч билээ А.Мягмаржавын бичсэн “Монголын №1 редактор” гэсэн бичил хөргийг би уншиж байсан санагдана.

Пүүжээ дарга  хааяа “Би 12 дугаар сургууль төгссөн  хулигаан. Хэрийн хүнийг ганц цохиод унагана” гэж ярина. Би лав энүүнд нь итгэж байгаагүй, ер нь ч Пүүжээ дарга хүн цохиод унагана гэж итгэдэггүй. Бусад бүх юманд нь,  хүн чанарт,  за ер нь үг, үйлдэл болгонд нь би итгэдэг.

Бидэрийн Баярсайхан
2014.08.13

 

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Пүүжээ дарга / бичил хөрөг/  
Үзсэн: 5908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэнэбат [127.0.0.xxx] 2019-08-16 03:14
Пүүжээ даргыг би ямагт сайн хүн гэж бодож явдаг байв.Яг л Баяраагийн зураглан бичсэн шиг..Монголын радиогийн дээвэр дор амь хоргодож "өлсөж үхэхгүйн"аюулаас аварсан гол хүн нь Пүүүжээ дарга.Гэхдээ надад яаж тусалж хүнлэг хандсанаа энэ хүн мэдэдэггүй
Zochin [127.0.0.xxx] 2019-08-14 20:57
Илүү дутуу юмгүй энгийн болсон зүйлээ сайхан л бичсэн байна
Зочин [127.0.0.xxx] 2019-08-14 15:38
архичин
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 18:29
Харин чи бол жинхэнэ гудамжны хар архичин байгаа. Пүүжээ уухаа ч ууна, хийхээ ч хийнэ. Эр хүн.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-07 23:36
Зуу Пүүжээ гэдэг хүн дээ хөөрхий Одоо 20 грамма болоо биз
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-06 12:23
saihan hurug bchijee ene zaluu purevdash erhlegch uneheer eriin hugarhai zasagt hanii huh harchuuliin neg munduu radio oigo jaahan tiimhenl hiivuude ter bayrin hural kontsertiig ni harj bhad radiogin darga geed deer uyiin bagiin darga shig uvgun yu yu geedl yrivdaa danchde uur hun bhgui yu trnii orond tavih heden humuuse turiin shagnalaarch sgagnachihgui tehed muontv n il grdag bolgon ni altan gdas zuusende naranbaatarin bugsiig dolooson bolgon ter choglo biluu odoo hurtel unshij suraagui nuhur grajin drga suhbatar bolormaagin duu unen aviyasgui efiriin naad zahiin shaardlaga hangahgui neg chavgants bayrmaa biluu tehed radiogin tdnees iluu bish gehed dutahgui olon uran butelchid bga

Бидэнтэй нэгдээрэй