Саяхан болсон нийслэлийн Онцгой комиссийн хурал дээр зөвхөн нийтийн тээврийн том оврын автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулна гэх чихэнд чимэгтэй мэдээ дуулдав. Энэ ажил хэрэгжвэл улсын нийслэл маань дэлхийн том хотуудад шийддэг нэгэн бэрхшээлийг шийдвэрллээ гэсэн үг. Учир нь гадны өндөр хөгжилтэй орнуудад нийтийн тээврийн автобус зорчдог тусгай эгнээ бий. Тэр эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл зорчвол торгодог журамтай. Манайхан ийм журамд шилжчихвэл замын хөдөлгөөнийг зохицуулахад дөхөмтэй төдийгүй ажилдаа яаран гардаг нийтийн тээврийн зорчигчид цаг хэмнэхэд ихээхэн тустай явдал болох юм. Харамсалтай нь энэ ажлыг шууд хэрэгжүүлнэ гэхэд өнөөдрийн замын асуудал нэлээд саад учруулах нь байна. Тиймээс энэ ажлыг нэлээд нухацтай хийх хэрэгтэй бөгөөд нийслэлийн Нийтийн тээврийн газраас эхний ээлжинд зөвхөн хотын төвийн өргөсгөсөн замуудын нэгдүгээр эгнээг шар өнгөөр тодруулж, том оврын автобус саадгүй зорчуулах асуудлыг төлөвлөж байгаа гэнэ. Энэ ажлыг хэрэгжүүлбэл нийтийн тээврийн хэрэгслийн эргэлтийн хурд сайжирч, иргэд унаагаа тавиад үйлчлүүлэх нь олширох тул агаарын бохирдлыг бууруулахад ч ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хурал дээр “Нийтийн тээврийн газрынхан энэ ажлын бэлтгэлд шуурхайлан ороорой. Юуны түрүүнд автобусны чиглэл өөрчлөх шугам, маршрутаа цэгцлэх гээд олон ажил байгаа байх. Нийтийн тээврийн менежмент иргэдэд хамгийн дөт, ойлгомжтой байх учиртай. Цаашлаад том оврын автобус жолоодож буй жолооч нарын ур чадвар, тэдэнд тавих хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай ав” гэсэн юм.
Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх бололцоо ямар байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхнаас тодруулахад,
-Одоогоор бид хаана, хэчнээн байршилд явуулах маршрутаа судалж байна. Замын ажлыг шийдэж, зохицуулахгүйгээр энэ ажлыг шууд хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс ажлын хэсэг гарч нягт судалгаа хийсний дараа шар тэмдэглэгээг тавьж эхэлнэ гэв.
Нийслэлийн нийтийн тээврийн парк өнгөрсөн жил 400 автобусаар шинэчлэгдэж, өнөөдрийн байдлаар 670 том оврын автобус үйлчилгээнд явж байна.
С.Батзаяа
Төв замд “түрэмгий улаан” дахин данайх цаг холгүй байна | ||
Үзсэн: 1500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.