
Улс орны хэмжээнд онцлох үйл явдал арвинтай долоо хоног улирч байна.
Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлалтай. Тэрээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” сэдвээр заалаа.
Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийв. Товлосон хугацаанаас нислэг жаахан хойшилж буусан. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас угтаж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны бусад хүмүүс түүнийг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авсан. Төрийн тэргүүнүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Ажлын айлчлалын хүрээнд хоёр Ерөнхийлөгч Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд нийт 14 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал:
1.Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
2.Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
3.Ойг гал түймрээс хамгаалах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
4.Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
5.Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
6.Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр
7.Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг
8.Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг
9.Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
10.Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг
11.Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
12.Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг
13.Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг
14.Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.
Үүний дараагаар ОХУ-ын төрийн тэргүүн Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн. Энэ үеэр Монгол Улсын Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид ялалтын баярын дууг дуулж сонирхуулсан. Цэцэг өргөх ёслолын дараа ОХУ-ын төрийн тэргүүн Г.К.Жуковын музейг үзэж сонирхов. Үүгээр ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад хийсэн хагас өдрийн айлчлал өндөрлөсөн юм. “Монгол Шуудан” ТӨХК-иас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалыг билэгдэж шинэ марк гаргаад байна.
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 80 жилийн ой тохиож байна. 1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19.00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. 1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулагджээ. Эдгээр түүхэн үйл явдлаас хойш эдүгээ 80 жилийг ардаа орхиод байна. Агаарын цэнхэр долгионыг "араажив" гээчээр эзэгнэдэг Монголын радиогийн үе, үеийн уран бүтээлчид, эрхэм сонсогчдод энэ түүхэн ойн баярын мэндийг хүргэе.
Есдүгээр сар гарснаар бизнес, эдийн засгийн салбар хөл хөдөлгөөнтэй байна. Сүүлийн өдрүүдэд манай улсад хөрөнгө оруулалтын чуулга уулзалт шил шилээ даран зохион байгуулагдав. “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулганд гадаадын 450 гаруй хөрөнгө оруулагч оролцож, Монголын зах зээлийн нөхцөл байдал болоод хөрөнгө оруулалтын цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. Чуулганы үеэр ерөнхий зохион байгуулагч “Frontier securities” компанийн үүсгэн байгуулагч, захирал Маса Игата “Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болсон. Уул уурхай, барилга, төмрийн үйлдвэр гэх мэт. Одооноос банкны салбарыг ихээр сонирхох боллоо. Чуулганд дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид болох Англи, Америк, Япон Хонгконг, Сингапур зэрэг улсын төлөөллүүд ирсэн байна. Ер нь Монгол Улс зөвхөн хоёр хөршөө харах биш гуравдагч хөрөнгө оруулагч байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй” гэж бидэнд зөвлөж байна.
Мөн долоо хоногт өдгөө 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулалтын чуулган болов. Энэ удаагийн “Дисковер Монголиа-2014” нь “Welcome back” буюу “Эргэн тавтай морил” уриан дор зохион байгуулагдлаа. Ер нь бол хөрөнгө оруулахаас татгалзсан гаднын экспертүүдэд хандсан агуулгатай байв. Чуулганы үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах гурван талт тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тунхаг бичиг нь байгаль орчинд ээлтэй ашигт малтмалын олборлолт, хайгуул болон хариуцлагатай, эзэнтэй уул уурхайг хөгжүүлэхэд зориулагджээ. Уул уурхайн яамны Түлшний бодлогын газрын дарга Л.Раднаасүрэн “Өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбоотой нүүрсний экспортыг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн. Далайд гарц бий болгон дараа дараагийн хүлээн авагч орнуудад нүүрс гаргах боломж бүрдээд байгаа”-г чуулганы үеэр онцлосон. Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” хамрах хүрээний хувьд 2012, 2013 оны зохион байгуулалтаас оролцогчдын тоогоороо төдийлөн их байж чадсангүй. Шинэ хөрөнгө оруулагч гэхээр гаднын эксперт бараг ирээгүй юм. Харин хуучин хөрөнгө оруулагчид идэвхжсэн нь харагдаж байна. Цаашид хөрөнгө оруулалтын чанар илүү сайжрах төлөв ажиглагдлаа” гэж зохион байгуулагчдын зүгээс ярьж байв.
Нийслэлийн таван байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөхөөр болсон иргэдийн өргөдлийг өнгөрөгч сарын сүүлээр баталгаажуулж дууссан. Гэсэн хэдий ч газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй 4500 орчим иргэн байгаа юм. Хотын дарга Э.Бат-Үүл өргөдлөө баталгаажуулаагүй иргэдэд боломж олгож, энэ сарын 3-11-ний өдрүүдэд тэдгээр иргэдэд өргөдлөө баталгаажуулах хугацаа олгохыг холбогдох албаныханд даалгасан байна. Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Долоо хоногийн дараа өргөдөл хүлээн авах ажлыг зогсоогоод, сонгогдсон эрхийг нь цуцлах болно. Учир нь эдгээр иргэн газар өмчлөх эрхээ аваагүй зөвхөн цахим хэлбэрээр сонгогдчихсон байгаа. Харин эрхээ авна гэдэг нь Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх захирамжаа гаргасан нөхцөлд газар өмчлөх эрхээ авсан гэж ойлгож болно. Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулна. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх иргэдийг цахим түүврийн аргаар дахин сонгоно” гэж өнгөрөгч баасан гарагт бидэнд мэдээллээ.
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн. Энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж эхлээд байна. Тодруулбал, “Зүрх уул-5-р сургууль”, “Нисэх-120 мянгат”, “Дамбадаржаа- Хүч бөөний төв”, “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баруун салаа - 105-р сургууль”, “Ботаник -Токиогийн гудамж”, “Шархад -Цайз-Сансрын түнель, “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль" гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байна. Сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа юм.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.