Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр Улсын Их Хурлаас өнөөдөр төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож байгаагийн зэрэгцээ Монголын Үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулж байна.
Мөн хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулалтад дохионы хэлмэрч ажиллуулж байна.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь иржээ. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.
"УИХ-аас зохион байгуулж буй уг сонсголийн ач холбогдол нь,
- Мэдээллийг сонсох, цуглуулах,
- Төрийн болон ТББ-ын мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох,
- Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл, зөвлөмж өгөх асуудлыг хөндөх" хэмээн сонсгол даргалагч, УИХ-ын П.Сайнзориг танилцуулсан юм.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг МҮОНРТ шууд дамжуулж байна | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.