Энэ сарын 5-ны өдөр Японы Элчин сайдын өргөөнд 2024 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол болжээ. Өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог.
Ёслолд өргөмжлөл хүртсэгсдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон. Элчин сайд М.Игавахара эдгээр эрхмүүдийн амжилтыг өндрөөр үнэлэн тус бүрт өргөмжлөлийг гардуулав.
“Монголын дуу хоолой” радио нэвтрүүлгийн япон хэлний редакци 1989 оноос хойш 35 жилийн турш өдөр бүр 30 минут Монголын тухай мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг япон хэлээр сонсогч түмэнд хүргэж, олон жил хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж ирсэн билээ.
Тус нэвтрүүлэг нь япончуудын хувьд Монголын талаарх үнэ цэнтэй мэдээллийн эх сурвалж болохоос гадна хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд олон жил чухал үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Кино найруулагч П.Золжаргал Японы Обирин их сургуульд кино урлагийн чиглэлээр суралцаж төгссөн. Хэд хэдэн кино уран бүтээлээрээ дамжуулан Монголын нийгмийн асуудлыг хөндөн, дэлхийн олон орны үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн, тэдний ойлголт, хандлагыг өөрчлөхөд эергээр нөлөөлж байна.
Түүний “Баавгай болохсон” кино 24 дэх удаагийн “Токио Фильмекс” олон улсын кино наадмаас шүүгчдийн тусгай шагнал, үзэгчдийн шагнал хүртжээ. Монголоос анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Тодорхой нэг өнцөг” ангилалд шалгарч, олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ авчээ гэж Япон Улсын элчин сайдын яамнаас мэдээлэв.
МҮОНР-ийн “Монголын дуу хоолой” япон хэлний редакц Япон улсын элчин сайдын өргөмжлөл хүртлээ | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.