Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхэдтэй эцэг, эх суурь мэдлэгийг хангалттай сайн олгох зорилгоор хүүхдээ хоёр, цаашлаад гурав, дөрвөн сургалтын төвд төлбөр төлөн сургаж байна.
Нэг сургалтын төвийн сарын төлбөр сургалт, багшийн ур чадвараас хамааран 200-350 мянган төгрөгийн ханштай. Тухайн гэр бүлийн хүүхдийн тоо мөн нэг хүүхдийг хэдэн сургалтад хамруулахаас шалтгаалаад сардаа зөвхөн нэг хүүхдэд 300-аад мянган төгрөг, жилдээ гурван сая гаруй төгрөг зарцуулах шаардлагатай.
Гэвч амьдрал дээр айл болгон хүүхдээ сургалтын төвүүдэд сургах боломжгүй. Заримдаа хүүхдээ сургах уу, хоолтой хонох уу дээрээ тулдаг тухайгаа ярьж байсан юм. Олон хүүхэдтэй байх тусам сургалтын төвийн мөнгө олох дарамт үүсдэг тухайгаа тэд ярилаа.
Хэрвээ ахлах ангийн хүүхэдтэй бол хариуцлага нэмэгдэж, нэмэлт сургалтад зарцуулах мөнгөний тоо өснө. Ахлах ангийн хүүхдүүд элсэлтийн шалгалтад бэлдэхэд 40 минутын төлбөр хичээлээс хамаараад 5-30 мянган төгрөгийн ханштай байна. Төгсөх ангийн сурагчтай эцэг, эх урлаг, спортын дугуйлангаас тусдаа дунджаар 2-4 сая орчим төгрөгийг тухайн жилдээ нэмэлт давтлагад зарцуулдаг тооцоо бий.
Тэгвэл орон нутагт ерөнхий боловсролын сургуульдаа англи хэлээ сайн сурч чадаагүй учраас сард 350 мянган төгрөг төлж хэлний түвшингээ нэмэгдүүлэн МУИС-д элсэн орж чадсан гэж 3-р курсын оюутан Мягмархорол хэлсэн юм.
Жил ирэх тусам хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг мөнгө нэмэгддэг. Гуравхан жилийн дотор боловсролын төлбөр 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Хувийн сургуулиуд жил ирэх тусам төлбөрөө 1-3 сая төгрөгөөр нэмэгдэг бол сургалтын төвүүд 20-30 хувиар өсгөдөг. Боломжийн чанартай сургалтад хүүдээ хамруулахад дунджаар гурван сая төгрөг төлж байна. Ингэж төлөөд суралцахад тухайн хичээлээрээ ангидаа арай дээгүүр сурлагатай хүүхдүүдийн тоонд орно. Тэгвэл бусад оронд улсын төсвөөс боловсролдоо илүү буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 6-10 орчим хувийг зарцуулдаг байна. Харин манайд бараг гурав дахин багыг зарцуулж байгааг сонсгоё. “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг ингэж ярив.
Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд урлаг, спортод суурилсан сургалтыг түлхүү ашигласнаар суралцахуйн үр дүн өндөр байгааг тогтоожээ. Бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүд илүү суралцах чадвартай байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулсан байна. Гэтэл манай улсын ихэнх сургууль заалны хүрэлцээгүй байгаа нь харамсмаар. Тэдний сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж боловсрол судлаач Э.Сүндарь хэллээ.
Цаашдаа ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо тогтмол өсөх тооцоолол байна. Сургалтын тогтолцоог оновчтой болгож, чанарыг сайжруулахгүй бол эцэг, эхчүүдийн сургалтын төвд зарцуулах мөнгөний тоо өссөөр байхыг анхааруулж байна.
М.Оюунбаасан
Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулж байна | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.