Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хүн төрөлхтний ирээдүйд тулгамдаад буй хамгийн чухал асуудал бол уур амьсгалын нөлөөллөөс шалтгаалсан усны нөөцийн хомсдол, устай холбоотой аюулын асуудал яригдаж байна. Одоогоос 50 гаруй жилийн дараа дэлхий дээр байгаа томоохон мөнх цас 50 хувиар багасна.
Монгол Улсад 2050 он гэхэд мөнх цастай уулсын цас хайлж дуусна гэх харамсалтай тооцоолол бий. Үүний нөлөөгөөр, одоогийн тооцооллоор 300 мянган хүн, 15 сая мал эрсдэлд орно. Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3-ны 1-ийг хамарсан экологийн сүйрлийн тухай асуудал юм. Түүнчлэн усны нөөцийн хомсдолоос авч үзэхэд, 2040 он гэхэд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3-ны 2 нь усны хомсдолд орж болзошгүй гэх тооцооллыг дэлхий нийт гаргаад байна.
2004-2005 оноос хойш маш их хэмжээний хуурайшилтай жил өнгөрсөн. Сүүлийн хоёр жил маш их хэмжээний устай жил болж байна. Говийн үер гэж хүртэл яригдлаа. Үерийн аюул гангийн аюултай зэрэг явагдаад байна. Цаашид хуурайшилтай болон устай жилүүд илүү богино хугацааны мөчлөгтэй явах уу гэдгийг тооцоолоход амаргүй байна. Монгол Улсад үер, гангийн аюул бие биеэ дагасан байдалтай үргэлжлэх эрсдэлтэй байна.
318 БАЙРШИЛ ДЭЭР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ
Цэвдгийг хамгаалах асуудал мөн тулгамдаж байна. Сэлбэ голын эрэг дагуу байсан намаг хатсан. Үүний улмаас үерлээд байгаа юм. Намаг хатсан нь цэвдэг хайлсантай холбоотой. Гол мөрөн хатаж, ширгэж байгаагаас гадна үерийн аюул нэмэгдээд байна. 50 жилийн хугацаанд Сэлбэ голд халиа дошин болж байгаагүй. Өнгөрсөн жил үерлэсэн. Эдгээрээс сэргийлэхийн тулд усны нөөцийн хуримтлал хийх хэрэгтэй. Тиймээс 333 нуур гэх санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 333 гэдгийг нэг сум, нэг нуур хөтөлбөр гэж ойлгож болно. Одоогийн байдлаар 318 байршил тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл 318 байршил дээр хөв цөөрөв байрлуулах боломжтой гэдгийг тогтоосон. Хөв цөөрөм байршуулахад байгалийн ус хуралдах боломжийг бий болгож, хийхээс гадна нийгэм эдийн засгийн ач холбогдлын тооцох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван үндсэн зорилгоор хөв цөөрөм байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Тодруулбал, Хүн амын усан хангамж, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн усан хангамж, үерээс хамгаалах, бусад усны хэрэглээг нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг дэмжих гэсэн таван зорилгоор хөв цөөрөм байгуулна” гэв
З.Батбаяр: 333 нуур хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.