Шууд Chart

ХБНГУ ирэх оны 2-р сард ээлжит бус сонгууль явуулна

2024-12-19 09:58:32

Германы Канцлер Олаф Шольцийн хүсэлтээр хууль тогтоох байгууллага Бундестагд засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалт 12-р сарын 17-нд боллоо. Санал хураалтаар Германы парламент засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байхаар санал өгч, үүний үр дүнд нь Герман улс ирэх оны 2-р сарын 23-нд ээлжит бус сонгууль явуулахаар болж байна. Өнгөрсөн 11-р сард төсвийн маргаанаас үүдэн Германы гурван намын эвслийн засгийн газар задарч, 2021 оноос засаглаж эхэлсэн Олаф Шольцийн засгийн газар үр дүнтэй ажиллах бололцоогүй болсон юм.

Өчигдөр Бундестагд болсон санал хураалтаар нийт 733 гишүүнээс 394 нь Шольцын эсрэг санал өгсөн байна. Нэгэнтээ Шольцийн зорьсон үр дүнг Бундестаг гаргаж өгсөн учир Канцлеср Шольц Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераас парламентыг тарааж, сонгуулийн товыг батлах хүсэлт гаргасан байна. Ойрын өдрүүдэд Ерөнхийлөгч Штайнмайер Бундестагийг тараах төлөвтэй байна. Шольцийн засгийн газар сонгуулийн үр дүн гартал түр засгийн газар хэвээр байна. Засгийн газар, Бундестаг хоёулаа шинэ засгийн газар байгуулагдах хүртэл шилжилтийн үе шатанд дэлхий нийтийн тулгамдсан асуудлын хувьд бүрэн ажиллагаатай хэвээр байх юм.

Ингээд сонгуулийн сурталчилгаа Герман улсад эхэлж байна.  Сөрөг хүчин шинэ засгийн газар бүрдүүлэхээр зорилго тавьсан. Энэ үүднээс өнөөдөр сөрөг хүчин Христийн ардчилсан нам намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах юм байна. Тус намыг Фридрих Мерц удирдаж байгаа, түүнийг Германы дараагийн канцлер болно гэж шинжээчид таамаглаж байна. Шольцийн Социал Демократ намынхан ч мөн мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар зэхэж байгаа. Германы олон нийтийн телевизийнийн явуулсан санал асуулгаар Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо гэсэн сөрөг хүчний 2 намын эвсэл 33 хувийн саналаар тэргүүлж байгаа бол Шольцын зүүн төвийн үзэл баримтлалтай Социал демократ нам 15 хувьтай удаалж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

ХБНГУ ирэх оны 2-р сард ээлжит бус сонгууль явуулна   
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй