Шууд Chart

ХОВД: Томуугийн нийт өвчлөлийн 85.5 хувийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна

2024-12-19 15:20:18

Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногийн томуу, томуу төст өвчний  мэдээллийг танилцууллаа. Энэ оны 12-р сарын 9-15-ны өдрийг хүртэлх 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 11 573 хүн үйлчлүүлсэн. Үүний 641 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ.  Үүнээс 69 нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, 0-14 насны хүүхдийн өвчлөл 85.5 хувийг нь эзэлж байна.

12-р сарын 18-ны байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 88 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогоор тус тасаг нэмэлтээр 38 ор дэлгэн ачааллыг зохицуулан ажиллаж байна.

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээний аргачлалаар үнэлэхэд өвчлөлийн тархалт “алаг цоог дэгдэлтийн түвшин”-д бүртгэгджээ.

Цаашид хүйтний эрч чангарч, томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул

-Бага насны хүүхдүүдийг дулаан хувцаслаж бээлий, малгай, ороолт өмсгөж хүйтэн салхи авхуулахгүй байх

-Аньс, чацарганы шүүс, аарцыг халуун бүлээнээр нь уулгах, амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх

-Ам, хамрын хөндийг цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийлгэж сургах, хүүхдийг тогтмол цагт унтуулж, хэвшүүлэх

-Насанд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийлгэх

-Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандан зөвлөгөө авч, гэрт нь 5-7 байлгаж, бусдад халдвар тараахгүй байх

-Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийж, нойтон цэвэрлэгээ хийх

-Иргэд маск зүүх, гараа угаах зэрэг урьдчилан сэргийлэх стандарт сэргийлэлтийн аргыг тогтмол мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Нийтэлсэн: О.Ундармаа

ХОВД: Томуугийн нийт өвчлөлийн 85.5 хувийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй