Албанаасаа буухаар зэхэж байгаа Ерөнхийлөгч Байден дэлхийн дулаарлыг сааруулах үйлсэд дорвитой ахиц гаргах үүднээс 2035 он гэхэд хүлэмжийн хий ялгарлыг АНУ-ын хэмжээнд 60 гаруй хувь бууруулах амлалт дэвшүүллээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трамп уур амьсгалын салбарт Байдены засаг захиргааны гаргасан ихэнх шийдвэрийг хүчингүй болгоно гэж байгаа үед АНУ ийнхүү, хүлэмжийн хийг бууруулах үндэсний зорилтоо Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж 2025 оны 2-р сараас өмнө танилцуулж байгаа 4 дэх улс болж байна.
Ерөнхийлөгч Байден нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шинэ зорилтынх нь дүнд АНУ 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулдаггүй болж чадна гэж мэдэгдсэн байна. Энэ шинэ зорилтод, 2035 он хүртлэх хугацаанд хүлэмжийн хий ялгарлыг тус улс 2005 оны зорилтот түвшнээс 61-66 хувиар бууруулахаар заажээ. Америкийн түүхэнд хамгийн зоримог уур амьсгалын хөтөлбөр хэрэгжүүлсэндээ бахархалтай байдаг гэж мэдэгдсэн Байден тэрчлэн, өөрийнх нь засаг захиргаа 2030 он хүртэл америкийн ус, хөрсний 30 хувийг хамгаалалтад авч, цэвэр эрчим хүчинд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулахаар заасан. Инфляц бууруулах хууль батлах зэргээр түүхэн алхмууд хэрэгжүүлсэн.
Ерөнхийлөгчөөс буухаасаа сар гаруйхны өмнө Байден энэхүү шинэ санаачилгаа дэвшүүлж байгаа бол, эрчим хүчээр дэлхийд ноёлох эрмэлзэлтэй дараагийн ерөнхийлөгч Трампын хувьд хэдийгээр, уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол зүйл” гэж үзэхээ больсон ч гэлээ нефть, байгалийн хий, нүүрс зэрэг дэлхийн дулаарлын гол шалтгаан олборлодог түлшний ашиглалтыг нэмэгдүүлж, Байдений хэрэгжүүлсэн ногоон бодлогыг халах өндөр магадлалтай байна.
Мөн өмнөх бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргасан алхмаа ч мөн давтаж болзошгүй юм. Үүний зэрэгцээ АНУ-ын 50 муж улсын 24 нь Байдений хүлэмжийн хийг бууруулах зорилтыг дэмжиж байгаа юм байна. Түүнээс гадна америкчуудын дийлэнх нь уур амьсгалын хөдөлгөөнийг дэмждэг учраас цэвэр эрчим хүчний шилжилтийг зогсоох аргагүй, “Цагаан ордонд суудаг ганц хүн энэ салбар дахь америкийн манлайллыг тодорхойлохгүй” гэж тус улсын уур амьсгалын нэртэй шинжээч мэргэжилтнүүд хэвлэлд ярьсан байна. Уур амьсгалын асуудлаарх 2015 оны Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орон бүр 5 жил тутам үндэсний зорилго зорилтоо дотоод нөөц боломжийнхоо хэмжээнд ахиулж өндөрсгөх ёстой байдаг. 2025 оны 2 сар хүртэлх энэ товлолт хугацаанаас өмнө одоогийн байдлаар Бразил, Их Британи, АНЭУ улсууд тус бүрийн зорилтыг өргөн бариад байгаа юм байна.
Ж.Байдены засаг захиргаа хүлэмжийн хийн ялгарлыг 60 гаруй хувь бууруулах зорилт дэвшүүлэв | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.