
Малайз улсын засгийн газар иргэний нисэхийн түүхэнд хамгийн учир битүүлэг байдлаар сураггүй болсон МН370 дугаарын нислэгийн онгоцыг эрэн хайх ажлыг сэргээхээр зөвшөөрсөн байна. Малайз улсын Тээврийн сайдын мэдээлснээр, Энэтхэгийн далайн өөр хэсгээр энэ онгоцны эрлийг сэргээх далайн гүний хайгуулын “Ocean Infinity” пүүсийн санал зөвшөөрөгдсөн. Онгоцны үлдэгдлийг эрэн хайх ажлыг энэ пүүс хамгийн сүүлд 2018 онд зохион байгуулсан байдаг.
2014 оны 3 сарын 8-нд Куала-Лумпураас Бээжин орохоор нислэг үйлдэж байсан Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777 онгоц”, түүнд явсан 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн ор сураггүй алга болсон юм. Энэ онгоцных гэдэг баттай сэг зэмийг олох нөхцөлд “Ocean Infinity” пүүст Малайзын засгийн газар 70 сая ам.долларын төлбөр төлөх нөхцөлтэй байна. “Энэ бол сураггүй болсон хүмүүсийн ар гэр төрөл төрөгсдийн өмнө бидний хүлээх ёстой үүрэг хариуцлага. Энэ удаад бүх зүйл нааштай байж, онгоцны сэг зэмийг олж, хохирогчдын ар гэрийнхэнд ч мөн сэтгэлийн дэм болно гэж найдаж байна гэж Малайзын сайд хэвлэлд ярьжээ.
Малайз улсын мөрдөгчид анх онгоцыг чиглэлээсээ хазайсан гэдэг хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэвч энэ онгоцных байж болзошгүй гэх хэд хэдэн онгоцны хэсгийг Африкийн эрэг хавиас мөн Энэтхэгийн далайн арлуудаас олсон байдаг. Энэ онгоцонд явсан хятадын 150 гаруй зорчигчийн ар гэрийнхэн Малайзын агаарын тээврийн компаниас мөн Boeing онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн Rolls Royce, Allianz компани, өөр бусад газраас нөхөн төлбөр шаарддаг байна.
Малайзын засгийн газрын хувьд онгоц олдох нөхцөлд мөн 70 сая ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 2018 онд Энэтхэгийн далайн өмнөд хэсгээр эрэл хайгуулыг явуулах зөвшөөрлийг олгож байсан ч хоёр удаагийн оролдлого хоёул бүтэлгүйтэж байжээ.
“Inmarsat” хиймэл дагуул болон тухайн онгоцны хоорондох автомат холбооны мэдээлэлд тулгуурлаж Малайз, Австрали, Хятад улсууд Энэтхэгийн далайн өмнөд бүсэд 120 кв км далайн усан доорх үзлэг самналт хийсний араас “Ocean Infinity”-ийнхан энэ 2 хайгуулыг явуулсан байдаг байна.
Малайз улс 10 жилийн өмнө сураггүй алга болсон онгоцыг эрэн хайх ажлыг сэргээнэ | ||
Үзсэн: 1679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.