Шууд Chart

2027 онд БНХАУ-ын шингэн түлшний хэрэглээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна

2024-12-21 12:12:58

БНХАУ-ын төрийн өмчит газрын тосны Синопек компанийн мэдээлж байгаагаар энэ улсын шингэн түлшний хэрэглээ 2027 онд дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна. Нарийвчилбал, ирэх гурван жилийн хугацаанд Хятадын газрын тосны хэрэглээ 800 сая метр тонн буюу өдөрт 16 сая баррель болох тооцоог танилцуулжээ. Өнгөрсөн онд мөн тус компани БНХАУ-ын газрын тосны хэрэглээ 2026-2030 он хавьцаа дээд цэгтээ хүрнэ гэж тооцоолж байсан ч энэ удаагийнх шиг нарийн тооцоо гаргаж байгаагүй юм. Харин энэ оны байдлаар БНХАУ-ын газрын тосны хэрэглээ 750 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

БНХАУ 2023, 2024 онуудад газрын тосны хэрэглээ нь бага зэрэг буурсан. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд ердөө хоёр жил л газрын тосны хэрэглээ нь буурсан гэсэн үг юм. Харин Хятадын газрын тосны үйлдвэрлэл 2025 онд 215 сая тоннд хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. Тэгвэл Хятадын газрын тос цэвэршүүлэх чадамж жил тутам 960-970 сая тонн байна. Синопекийн дурдаж байгаагаар Хятадын байгалийн хийн хэрэглээ цаашид мөн л их хэмжээгээр өсөх төсөөлөлтэй байна. Энэ жил онцолж байгаа зүйл нь өнгөрсөн жил гаргасан төсөөллөөс илүү их хэмжээнд хүрч өсөх магадлалтай байгаа юм байна.

2030 он гэхэд Хятадын байгалийн хийн хэрэглээ 570 тэрбум куб метрт хүрэх бол 2035-2040 оны хооронд 620 тэрбум кум метрт хүрнэ гэж тооцоолжээ. Өнгөрсөн жилийн хувьд Синопек Хятадын байгалийн хийн хэрэглээг 2040 онд 610 тэрбум куd метрт хүрнэ гэж тооцоолж байсан юм. Харин 2025 онд Хятадын байгалийн хийн хэрэглээ 458 тэрбум куб метрт хүрэх төлөвтэй байгаа нь жилийн дотор 6,6 хувь нэмэгдэнэ гэсэн үг юм. Цаашлаад Хятадын нүүрсний хэрэглээ мfy эрчимтэй нэмэгдэж байна. БНХАУ сүүлийн 25 жилд дэлхийн бусад улс орноос 30 хувь илүү нүүрс хэрэглэсэн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг саяхны тайландаа дурдсан.

Хятадад жил ирэх тусам нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийн улмаас нүүрсний хэрэглээ нь ийм өндөр байна. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний гуравны нэг нь БНХАУ-ын цахилгааны станцуудыг ажиллуулахад зарцуулагдаж байна. Хятад улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, нар салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа ч 2024 онд энэ улс дангаараа 4 тэрбум 900 сая тонн нүүрс хэрэглэжээ.

Нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээ өсөхийн хэрээр Хятадын эрчим хүчний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал мөн л дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна. Тодруулбал, 2030 оноос өмнө Хятадын хүлэмжийн хийн ялгарал оргилдоо хүрч, 10,8 тэрбумаас 11,12 тэрбум тонн болох төлөвтэй байна. Энэ нь мөн л Синопекийн өнгөрсөн жил гаргасан төсөөллөөс давсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл Синопекийн тооцоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

2027 онд БНХАУ-ын шингэн түлшний хэрэглээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй