Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна

2024-12-26 15:52:36

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ.
 
Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм.  
 
Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна.
 
Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа  намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
 
Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан
Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын  шууд болон шууд бус нөлөөлөл 
Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл
Гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй
улс төрийн зорилтот акц юм. 
 
Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий.
 
Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна.


 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Засгийн газар 100 хоногтоо багтаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна.
 
34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа.
 
Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ.
 
Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн.
 
Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт  эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна.
 
Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж  дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа. 
 
Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан.
 
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны  дөрөвдүгээр  сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.  
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг  зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ.
 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ. 
 
Өнөөдөр Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна.


 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон.
 
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
 
Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой.
 
Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэхүү төслийн талаар Улсын Их Хурал дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбохбүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья.
 
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно.
 
Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой.
 
Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно.
 
Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна.
 
Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна.
 
Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр явж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал Улсын Их Хуралд танилцуулагдахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ.
 
2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна.
 
            1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
 
            2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
 
            3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
 
            4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
 
            5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
 
            6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;
 
            7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
 
            8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;
 
            9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
 
            10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
 
            11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно.
 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
 
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.


 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-27 06:48
Meregjiliin bish Namchid naad mega .megagui zendeen uom hiine gj 34 jil mungiig ehelj ideed hiisen uomgui edii hurch bn.Dornogoviin nepti uildber bhgui.orj irsen $ baihgui.hytadiin baahan tseljilt bolgodog sens tavisan.bainga tog untarch bhd ymarch hereggui.bas sergegdeh ervjim huchnii tatvar avdag iim baina.Meregjiliin bys humuuseer ajil hiilgene gj bhgui.Eeree ymsrch bolovstol.injner.tehnik.tehnologi.shinjleh uhaanch medleg chadamjgui bolhoor amnii pangaar yrih uom.Songuuliin munge bosgoson borjuur chin end tendgui hevtej bn.21 yuani zuuhiig Nynbaa soluot 800000 gd soliorch bga.Meregjil gedegiig shutsen tsagt ajil emh tsegtstei shudarga yvagdana daa.Odoogiin ene hed butehgui.
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 21:59
Гадаад хөрөнгө л гэж хуцахын цул эрдэс дээр гишгэж байж ургадаг юм биш шүү.Эх орон минь уйлж байхад
Иргэн [127.0.0.xxx] 2024-12-26 18:37
Баярлалаа ерөнхий сайдаа,энэ төслүүд бүгд гацаанаас гарвал монголын ард түмэнд өгөх өгөөж нь ихсэж,монголын хөгжилд маш их хэрэгтэй бнаа.улс төрчид,том компаниуд нь өөрсдийн эрх ашигийг хойш нь тавьж монголын ирээдүйгээ бодох цаг болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 18:01
Монгол улс энэ бурэн эрхийн хугацаанд 1,2 Мега тосол хэрэгжих,МУЕлогчийн зугээс санаачилсан1,2 том тосол хэрэгжих магад?!!!!.. дотоод эеэ хвнгаж гадаад талдаа МУын иргэн бур торий тогтолцоо,тусгаар тогтнол бурэн эрхэт байдалдаа байнга ач холбогдолтой хандаж нэг цонхоор харах,олон юм ярьж олонхийн олз болохгуйгээр хил хязгаар нутагийн дархан экосистемийн экологийн уялдааг хангах унаган торхийн хадгалах,газар тууний хэвлий ус алт2 эрдэнэс,байгалийн ховор/элемент,уран ашиглалтын ур дун uguuj,ur дагаварыг харгалзан о/у судлаачдын унэлэлт дугнэлтийг ?!!!!....монголын ард тумний санал санаачлагыг эш чиглэл болгож,,,,эх орон-ооооооо-«хайрлан хамгаалж байгал екологи эх дэлхий khun торлохтний ИХ оршил , эс оршихуйн ундэсийн ундэсийг таслахгуйгээр мянганаас мянганд ортоолж уеийн уед ургэлж munhud Mandan хогжиж оршиг....Монгол улс мандтугай?!!!!...
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 17:51
Зарцуулсан хөрөнгө мөнгийг нь тооцвол Арабын Дубайг хичнээнээр нь барьхаар хөрөнгө нь ч бсн...цаг хугацаа нь ч байлаа....одоо бол худлаа болсон...захын тэнэг хүн ч үүнийг мэджийгаа ...яаж нэг дор утаа, түгжрэл,өвчлөл,болрвсрол, ядуурал, хулгайгаа цэгцлэх гээд бгаам...бурхан бууж ирээд ч чадахгүй...алгын чинээ уб-аа арчлаад аваад явж чадахгүй л бншд...3хан сая хүн амтай улсыг хичнээн мянган шилдгүүд гэх нэртэйчүүд удьрдаж бгаа билээ? энэ нь хятад.энэтхэгийн захын нэг компаны ажилчидын тоотой тэнцэх л хүн ам шд...ялгаа нь ганц л хүн удьрддаг..харин манайд бол хичнээн мянгаараа бгаад ч улам ядууруулаад бдг...одоо та нарын ухаан хүрэхээ больсон...сэтгэл нт хоосон болохоор юу ч гарахгүй ээ...тэгэж өөрсдийгөө хуураад юу гэхэв..хайран сайхан ЭХ ОРОН МИНЬ л хайран бна...өөр хэлэх үг алга даа..
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 16:38
Оюун эрдэнээ та ард түмэндээ эрхлэх бус ард түмэн танд эрхлэх ёстой. Ард түмэн хүүхэд чин

Бидэнтэй нэгдээрэй