Шууд Chart

Бодибилдингийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Сугарсүрэн алтан медаль хүртлээ

2024-12-28 09:45:16

Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүллээ. Тэрбээр Дэлхийн аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчрав.

Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна. Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүллээ.

Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн энэхүү тэмцээнийхээ “Велнесс +163 см” залуучуудын ангилалд мөн өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм.  

Монгол Улс IFBB холбоонд гишүүн орноор элссэнээс хойшхи 31 жилийн түүхэнд анх удаа тохиож буй энэхүү үйл явдал монголчуудын хувьд шинэ оны босгонд баяр нэмсэн өдрүүдийг авчирч байна.

Гавьяат Б.Сугарсүрэн тэмцээний “Мастер Велнесс 40” насны ангилалд аваргаар ийнхүү тодорсноор Монгол Улс одооноос IFBB-д гурван медаль эзэмшиж буй. Үүнээс алт, хүрэл медалийг эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тамирчин Ч.Цогтбаатар хүрэл медалийг тус, тус эзэмшдэг юм.

Дашрамд, IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын энэхүү тэмцээний “Мастер Велнесс 35-39” насны ангилалд тамирчин Д.Ариунаа мөн амжилттай оролцож зургадугаар байрт орлоо.

Харин IFBB-ийн Эрэгтэйчүүдийн Цомын аварга шалгаруулах тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас тамирчин Б.Гэрэлт-Од мөнгөн медаль, “Мастер Менс Физик 40” насны ангиллаас манай улсын тамирчин Н.Хосбаяр хүрэл медалийг тус тус хүртжээ.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Бодибилдингийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Сугарсүрэн алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй