Шууд Chart

Н.Дашдулам:Торт зөвхөн идэх зориулалттай бус өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн

2024-12-29 12:03:41

Хүүхдээ харж, өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлж, хувиараа янз бүрийн бүтээл уралдаг өчнөөн ээжүүд бий. Тэдний нэг бол гэрээ бяцхан бейкери болгосон бялуу урлаач Н.Дашдулам юм. Өөрийн гэсэн олон захиалагч, үйлчлүүлэгчтэй болсон бялуу урлаач  Н.Дашдуламыг "Редакцын зочин" буландаа урилаа.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Нацагдоржийн Дашдулам гэдэг. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Шинэ жилийн баярын ширээний гол зүйл бол торт. Та тортыг хэзээнээс хийж эхэлсэн вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Анх том охиноо төрсний дараа цагаан сараар үлдсэн байсан хэвийн боовоороо кекс хийж үзсэн. Тэгээд торт ер нь хийж үзье гэж бодсон. Гэртээ бас өөрөө хийдэг болчихвол амар байх гэж бодоод хийж эхэлсэн. Торт хийж эхлээд зургаан жил болж байна. Торт гэдэг зүйлтэй холбогдоод амьдралд маш том эргэлт бий болсон. Хүний баярыг хуваалцдаг нандин зүйл болохоор эхэндээ бас их айж эмээж байсан. Тиймээс өөрийн гэр бүл хүүхдүүддээ хийж өгч байгаа юм юм шиг сэтгэлээ шингээн уралдагдаа. Гэр бүлийнхэн маш их дэмждэг. Маш олон хүмүүстэй харьцдаг болохоор харилцааны тал дээр их зүйл мэдэж авсан. Тортоо хийж эхэлсэн цагаасаа олон гэр бүлүүдийг баярлуулж өөрийн гараар урласан тортоороо бэлэг барьдаг болсон.

-Анх торт хийж эхэлж байхад хүмүүс хэр захиалж байв?

-Анх олон захиалга авч чадаагүй ээ. Тортоо маш сайн хийж, туршлагажиж байгаад  хүмүүст зарж борлуулна  гэж бодоод ойр найз нөхөд гэр бүлдээ их хийж өгдөг байсан. Анхны захиалгаа 2019 онд авч байсан. Нэг ээж хүүхдийнхээ төрсөн өдөрт зориулж хоёр давхар торт захиалсан. Анхны гэдэг утгаараа өөрийнх нь сэтгэлд хүрээгүй ч тухайн захиалагчийн сэтгэл хүрч, “Ямар гоё бялуу вэ, баярлалаа миний дүү” гэсэн маш их баярласан. Ингээд бялуу урлаж, хүүхэд баярлуулах гэгээн хүсэл минь улам бий болсон.

-Торт хийхэд нарийн ажиллагаа ихтэй байх?

-Мэдээж маш нарийн ажиллагаатай, чимхлүүр болон шинэлэг байдал гээд ур ухаанаа уралдуулдаг. Бялуу урлах нарийн чимхлүүр ажил ихтэй. Хүнд тухайн ажлыг гартаа оруулахад хугацаа гэж байдаг юм билээ. Миний хувьд жил гаруй оролдож байж дүртэй болсон. Би бялуугаа зарж мөнгө олж байгаа учир аль болох чанартай, үнэтэй материалаар амттанаа хийхийг зорьдог. Тиймээс ч миний тортны чанар, амтанд дурласан үйлчлүүлэгчид маань дахин, дахин захиалга өгдөг.

-Торт хийхэд хамгийн тохиромж гурил гэж байдаг уу?

-Би үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд Улаанбаатар, Өег гурил хэрэглэдэг дээд гурилаар хийдэг. Тэрбээр амттанаа сахрын агууламж багатайгаар хийдэг юм байна. Үнэхээр түүний хийсэн бялууг амтлахад чихрийн орц бага, сэнгэнэсэн зөөлөн амт мэдэгдэж байсан юм. Кремнээс нь чихэр бус сүү, жимс амтагдаж байсан нь гоёхон. Өнөөдөр хүүхдийн таргалалт, шүдний өвчлөл сахрын хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож аль болох эко, эрүүл амттан хийхийг зорьдог тухайгаа онцолж байсан юм. Торт зөвхөн идэх зориулалттай бус өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн. Хэлбэр хийц, өнгө үзэмж нь сонирхолтой байх тусам олон үйлчлүүлэгч ханддаг.

нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөд маань их дэмждэг

-Цаашид тортны цехтэй болох  бодол байгаа юу?

-Тиймээ. Өөрийн гэсэн бакеритэй болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө явж байна даа. Хүсэж, мөрөөдөж явахад болох байхаа.

-Өөрөө ямар мэргэжилтэй бэ?

–Би өөрөө гоо сайханч мэргэжилтэй.

-Бялуунаас өөр зүйл хийе гэж боддог уу. Торт хийхэд хэчнээн төгрөгийн тооцоо, зарлага гардаг вэ?

-Янз бүр байдаг. Орж байгаа чимэглэл, орц найрлагаасаа хамаараад зарлагаа нөхөж чаддаг. Тортноос өөр зүйл хийе гэж боддог. Ер нь хоол хийх дуртай. Янз бүрийн хоол, дессерт, амттан гээд гадуур зарагддаг гоё амттай юмнуудыг гэртээ хийж идэхийг мөн зарахыг боддог.

-Одоо хэдэн төрлийн торт хийж байна вэ?

-Одоогоор 20 төрлийн бүтээгдэхүүн хийж байна даа. Цаашид улам баяжуулна.

-Хамгийн их захилгатай үе?

-Тэмдэглэлт баяруудаар захиалга ихтэй байдаг. Тэр шинэ дундаа шинэ жил болон хүүхдийн төрсөн өдөр үсний найр гээд ер нь л их захиалгатай байдаг даа.

-Бяцхан бизнесийг нь гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөд маань их дэмждэг. Манай нөхөр, ээж “Чамайг 2-3 удаа хийгээд залхаад шантраад болих байх гэж бодсон. Тэгсэн чинь одоо ийм болно гэж бодоогүй” гэж их ярьдаг. Миний хань энэ ажлыг их сайн ойлгодог. Маш олон хүнтэй харьцаж бялуугаа зардаг болохоор сайны хажуугаар саар зүйл их гардаг. Тэрэнд хааяа жаахан сэтгэл санаагаар унахад маш их дэмждэг.

Дараа дахин үйлчлүүлнэ, бялуу захиална гоё амттай торт байна гэж хэлэхэд их урам  авдаг

-Хүний захиалсан бялууг хийж дуусгачхаад эзэнд нь хүлээлгэж өгөхийг хүлээж байх зуур юу бодогддог вэ?

-Хүнд гараа гаргаж, сэтгэлээ зориулж хийсэн бялуугаа өгчхөөд маш олон зүйл боддог. “Амттай байгаа болов уу, өнгө үзэмж, үнэр нь ямар байгаа бол, таалагдсан болов уу” гэж бодно. Хүн хүний амтлах мэдрэмж өөр болохоор бас айх мэдрэмж байдаг. Дараа дахин үйлчлүүлнэ, бялуу захиална, гоё амттай торт байна гэж хэлэхэд их урам авдаг.

-Хийсэн бялуугаа хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-Ерөнхийдөө 60-280 мянган төгрөгийн хооронд хийж зардаг. Сүүлийн үед материалын үнэ бас нэмэгдээд байна. Ер нь үйлчлүүлэгчдээ их бодож ажилладаг. Үнийн хувьд уян хатан чанар мөн хүргэлт үнэгүй. Ихэнх торт маань голдоо жимсний компот юм уу чанамал мөн үрлэн шоколад ордог болохоор нэмэгдэл авдаггүй үнэ дотроо багтаад гардаг.

-Торт хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

- Ер нь хугацаа харьцан адилгүй байдаг. Хэр ажиллагаатай тортноосоо хамаараад хугацаан янз янз байдаг.

-Чимэглэлээ бас хийдэг үү?

-Зарим чимэглэлээ хийдэг. Одоо цаг үе гоё болоод янз янзын бэлэн гоё чимэглэлүүд маш элбэг болсон.

-Тортыг хэд хоног хадгалах ёстой вэ. Хурдан муудаг бүтээгдэхүүнд орно биз дээ?

-Тийм ээ. Удаан хадгалж болдоггүй. Тэр тусмаа би янз бүрийн хадгалах уртасгагч мөн химийн юм хольдоггүй болохоор сэрүүн нөхцөлд 72 цаг хадгалахыг зөвлөдөг.

-Тортыг зохиож, туршилт маягаар хийж байсан уу?

-Ерөнхийдөө дандаа туршиж шинийг илэрхийлдэг. Тиймээс нэрийн маш олон торт болон амттантай болсон. Монголд байдаггүй  тортнууд ч байгаа.

-Та тортонд хэр дуртай вэ?

-Би өөрөө чихэрлэг зүйлд дургүй өөрөө бараг иддэггүй. Шинэ гаргасан бүтээгдэхүүнээ гэр бүлийн хүмүүсээр амтлагаа хийлгэдэг.

-Тортноос өөр ямар төрлийн бүтээгдэхүүн хийдэг үү?

 -Тортноос гадна би хоол хийх маш их дуртай. Эрүүл хоол их зохиож хийдэг тэр хооллолтоо олон хүмүүст танилцуулж зааж зөвлөдөг.

-Хурим найрын торт хийж байсан уу?

-Хуримын торт их чухал маш их ач холбогдолтой болохоор би маш сайн сайжирч байж хийе гэж боддог.Одоогоор хоёр давхар л торт хийж байсан.Надад сурч мэдэх маш их зүйл байгаа

Өөрийн нэрийн үйлдвэртэй болоод олон хүнд амттай сайхан тортоороо бэлэг барьж байх болно

-Залуу хүний ирээдүйн гол зорилго юу бэ?

-Ямар ч байсан өөрийн гэсэн бакеритэй болж, үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлж сайн сайхан амьдрахыг боддог. Өөрийн нэрийн үйлдвэртэй болоод олон хүнд амттай сайхан тортоороо бэлэг барьж байх болно. Надад сурч мэдэх зүйл маш их байгаа учраас бие даан бичлэг харж сурсан болохоор мэргэжлийн талаасаа сурч мэдье гэсэн бодол бий.

-Шинэ ондоо бакеритэй болохыг мөрөөдлөө биелүүлж, захиалагч нар амтат бялуугаараа баярлуулж яваарай. Амжилт хүсье ээ?

-Баярлалаа. Торт хийж сурснаасаа хойш хүн баярлуулах аян ч гэмээр юм уу, ямар нэгэн уралдаан зохион байгуулж фейсбүүк групп, пэйж хуудсаар зарлаж, азтан тодруулж, тортоороо бэлэг барьдаг болсон. Энэ хугацаанд 700 гараад хүнд торт өгчээ янз бүрийн спонсор хамтардаг хүн байхгүй болохоор өөрсдийн олсон гэр бүлийнхэн орлогоос хүн баярлуулдаг.

Тортноос гадна жил бүр хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, хүүхдийн баяр, шинэ жилээр ууттай бэлэг торт өгдөг. Мөн хичээлийн шинэ жилээр жил бүр хоёр  хүүхдэд хичээлийн хэрэглэлийг нь авч өгдөг. Сар болгон азтан тодруулж, он солигдох мөчид бүтэн жилийн тортны эрх өгдөг уламжлалтай болсон. Олон мөрөөдөл зорилго байгаа. Захиалагчаас  баярлалаа гэсэн сэтгэгдэл ирэхэд л хамгийн их баярладаг. Гэр бүлдээ туслаад хоёр хүүхдэдээ ээж нь зөв явж байгаагаа харуулахдаа их баяртай байдаг.

Хэрвээ та ямар нэгэн арга хэмжээнд зориулж өөрийн хүссэн загвар хийцээр бялуу хийлгэх, мөн бяцхан хүүхдийнхээ төрсөн өдөр болон сэвлэг үргээх найрын бялуу хийлгэхээр зэхэж байгаа бол  Enedre Esv гэсэн фейсбүүк хаяг болон  утсаар 89940721 холбогдож захиалга өгөх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.  

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Н.Дашдулам:Торт зөвхөн идэх зориулалттай бус өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй