Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ цаг үед өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, цэгнэдэг уламжлалтай. Өнгөрч буй 2024 онд спорт, соёл урлагийн салбарт олон чухал үйл явдал өрнөсөн жил байлаа. Тэгвэл 2024 онд Спорт, cоёл урлагийн салбарт болсон онцлох 10 үйл явдлыг MNB.mn сайт тоймлон хүргэж байна.
паралимпын наадамд медаль хүртсэн монголын анхны эмэгтэй тамирчин ОУХМ У.Сүрэнжав
ОУХМ У.Сүрэнжав Монгол Улсаас паралимпын наадамд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпод Монголын баг тамирчид медалийн хур буулгасан. Таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тус наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцож, таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгө, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ мөнгөн медалийн эзэд болсон юм.
Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн У.Сүрэнжав нь наадмын турш Египет, Мексикийн тамирчдыг ялж, алтан медалийн төлөөх тулаанд Ираны Зара Рахимиг 5-2 гэсэн харьцаатай буулган авсан билээ.
“Парис-2024” Олимпын мөнгөн медальт, "БӨРТЭ ЧОНО 2024" наадмын “Шилдгийн шилдэг тамирчин” МУГТ Б.Баасанхүү
Парис хотноо зуны 33 дахь олимпын наадам болж өндөрлөсөн. Дэлхийн 206 орны 10,714 тамирчин 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн хувьд 2024 он их амжилтыг үзүүлж чадсан жил байв. Тэрбээр "Парис 2024" олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, "Абу Даби 2024" жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль, "Хонконг-2024" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Душанбе-2024” олон улсын жүдо бөхийн холбооны цуврал их дуулга тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар оны төгсгөлд "БӨРТЭ ЧОНО 2024" наадмын “Шилдгийн шилдэг тамирчин” болж, шилжин явах тамирчин болсон билээ.
Н.Батсуурь Монгол Улсын 10 дахь дархан аварга болов
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Увс аймгийн Ховд сумын уугуул Н.Батсуурь ес давж түрүүлэн, Монгол Улсын 10 дахь дархан аварга болсон билээ.
Тэрбээр 2014, 2018, 2019 онд түрүүлж байсан бол таван жилийн дараа дөрөв дэх түрүүгээ авч байгаа нь энэ юм. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү цолд хүрч байсан. Тэгвэл 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон төрж буй нь Н.Батсуурь юм.
Дашрамд, дархан аварга Х.Баянмөнх аваргаас хойш Увс нутгаас 53 жилийн дараа дархан аварга цолтон төрөөд буй.
Чөлөөт, жүдогийнхан үндэсний бөхөөр халз барилдлаа
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1999 онд Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан жүдо болон чөлөөт бөхийн холбоотой хамтран халз барилдааныг зохион байгуулж байв.
Тухайн үеийн барилдаан хоёр багийн тэнцээгээр өндөрлөж байсан бөгөөд дархан аварга А.Сүхбат 10 барилдахдаа 10 давж байсан нь түүх болон үлджээ. Тэгвэл дээрх гурван холбоо хамтран “Хийморь” төслийн хүрээнд чөлөөт, жүдогийнхны хайна хагалах халз барилдааныг дахин зохион байгууллаа.
Ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “Хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар Чөлөөт бөхийн баг яллаа.
М.Анхцэцэг зодог тайлж байгаагаа зарлав
Ард түмэндээ "Алтан охин” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, “Токио-2020” олимпын наадмын дөрөвдүгээр байрын шагналт М.Анхцэцэг Бахрайн Улсад болсон “Манама-2024” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн амжилтаар "БӨРТЭ ЧОНО-2024" наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртсэн юм.
Ийнхүү Монголын хүндийн өргөлтийг спортыг Дэлхийд өндөрт өргөж явсан гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлж байгаагаа зарлав.
Дашрамд, М.Анхцэцэг нь 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл базааж иржээ. Түүний хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа эхлүүлж, 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон байдаг.
МУГЖ С.Жавхлан дөрвөн улсын Гавьяат жүжигчин болов
Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгосон. Ингэснээр Самандын Жавхлан нь Монгол, Тува, Буриад, Халимаг улсын Гавьяат жүжигчин болсон юм.
Монгол нүүдлийн зан үйлийн өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Парагвай улсад болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн.
Ингэснээр монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
"THE MONGOL KHAN" Дэлхийд гарав
Олон улсад "The Mongol Khan" нэрээр тоглогогдож буй "Тамгагүй төр" жүжиг өнгөрсөн 2023 оноос эхлэн Шекспирийн өлгий нутагт, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн, түүхэндээ анх удаа 40 мянган үзэгчдийн хүртээл боллоо.
Лондон хотноо тоглогдсон уг жүжгийн тухай дэлхийн шилдэг хэвлэлүүд бичиж, нийт 50 гаруй шүүмжлэгчдээс "дөрвөн од" үнэлгээ авчээ. Тус жүжгийн уран бүтээлчид энэ оны аравдугаар сард Ази тивийн аялан тоглолтоо Сингапур улсаас эхлүүлэн, жүжгээ амжилттай толилуулсан. Үүнээс өмнө Английн алдарт West End-ийн "Колизей" театрт тоглож байсан хувилбараа эх орныхоо үзэгчдэд толилуулсан билээ.
Сингапурын соёлын тэргүүлэх компани Base Entertainment тус жүжгийг Сингапурт хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, 3 дугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор байгуулсан байна. Тус жүжгийн аялан тоглолтыг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад үргэлжлүүлэхээр продюсерийн баг ажиллаж байгаа ажээ.
Ихэр охид оюуны олимпын аварга боллоо
АНЭУ-ын Дубай хотод арванхоёрдугаар сарын 7-9-ний хооронд зохиогдсон MEMORIAD 2024 World Mental Sports Olympics буюу 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спортын хамгийн том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ой тогтоолтын шигшээ багийн тамирчид 38 медаль хүртэж, Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
"The HU" хамтлаг эх орондоо анхны бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав
Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй "The HU" хамтлагийнхан анхны бүрэн хэмжээний “Нар Сар” тоглолтоо 2024 долоодугаар сарын 10-нд "HIT PARK"-т толилуулсан юм.
Хамтлагийн залуус 2019 оны тавдугаар сарын 24-нд эх орондоо анхны бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд 2024 онд хоёр дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн юм.
Тэд 2016 оноос хойш олон улсын хэмжээний 350 гаруй тоглолтод оролцжээ. Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь "The Hu". Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Анхны "Гэрэг" нэртэй цомог нь олон амжилт дагуулсан. Тэдний “The Gereg” цомгийн нээлт есдүгээр сарын 13-нд АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэлсэн. “The Gereg” цомог нийт есөн дуутай. Үүнд: “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve”, “Shireg Shireg”, “Song of Women” зэрэг дуу багтаж байна.
2024 онд Монголын урлаг, спортын салбарт болсон оны онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.