Шууд Chart

2024 оны Улс төрийн онцлох 10 үйл явдал

2024-12-31 12:35:12

 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ цаг үед өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, цэгнэдэг уламжлалтай. Өнгөрч буй 2024 онд улс төрийн үйл явдал ихтэй жил болж өнгөрлөө. Тэгвэл 2024 онд Улс төрд болсон онцлох 10 үйл явдлыг MNB.mn сайт тоймлон хүргэж байна.

УИХ-ын сонгууль түүхэнд анх удаагаа холимог тогтолцоогоор буюу 13 тойрогт явагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдэв

Үндсэн хуульд орсон өөрчлөлт орж холимог тогтолцоогоор явагдсан сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авч, УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч буюу нийт 1341 нэр дэвшигч өрсөлдлөө.

2024 оны УИХ-ын сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 1.4 сая нь саналаа өгсөн юм.

Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгожээ.

Нийт сонгогдсон гишүүдийн 32 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас давж, дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна. Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай. Мэргэжил боловсролын байдлаар инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулган 2024 оны 07 дугаар сарын 02-нд хуралдаж, гишүүд тангараг өргөсөн. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний 121 нь дэмжиж УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилсон байдаг.

Хамтарсан Засгийн газрын газар байгуулагдав

Хамтарсан Засгийн газрын газар байгуулагдаж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурсан.

Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд тусгажээ. Тухайлбал, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилт, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна.

  Эдийн засгийн бодлогыг хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөлд суурилан, мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжид үндэслэн, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, их, дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаар тохирчээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ анх удаа хүлээн авч хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, төсөв батлахдаа  хууль дээдлэх зарчим баримтлаагүй, мөн төсвийн алдагдлыг бууруулж оруулж ирэх ёстой гэж үзэв.  Энэ  нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан анхны хориг байв. Мөн УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан анхны тохиолдол боллоо.

Ингээд 2025 оны төсвийн алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, “Соёлын эрхийн бичиг”-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан юм. 

Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан  байгууллаа.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиов

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой тохиосон нь түүхэн үйл явдал боллоо. Монгол Улс 100 жилийн өмнө буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ. Зургаан бүлэг, 50 зүйлтэй анхдугаар Үндсэн хуулиас хойш 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж байжээ.

100 жилийн түүхэн ойд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган зохион байгуулагдлаа.

Бан Ги Мүнд тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Бан Ги Мүн нь БНСУ-ын Гадаад хэргийн сайд байхдаа хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Тухайлбал, манай улсад 2009 онд айлчилж, бүх салбарт хөгжлийн гарааг тавьсан. Түүний санаачилсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулж, Монгол Улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын харилцаанд шинэ шатанд гарч монгол цэргийн дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмрийг ихээхэн хөнгөвчилжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийв

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь олон улсын анхаарлыг татав.

 Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь томоохон үр дүн байлаа.

"Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай" хуулийн төслийг эргүүлэн татлаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байв.

Энэхүү хуулийн төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсан учраас эргүүлэн татахаар болсонг  УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдэгдсэн юм.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болов

Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад 19 улсын төрийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцлоо.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

2025 онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна.

Ингэснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.

Нийтэлсэн: О.Ундармаа

2024 оны Улс төрийн онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй