Шууд Chart

Хөвсгөл-Булганы чиглэл дэх замын ажил эрчимтэй өрнөж байна

2014-09-10 15:16:41

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Өнгөрөгч онд гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон бол энэ жил Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр Хөвсгөл-Булганы чиглэлийн авто замын ажилтай дахин танилцаад ирлээ. Тэрбээр сарын өмнө дээрх авто замын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан бөгөөд "Энэ удаа очиход замын ажил нэлээд урагшилсан байна. Авто замчид, замын гүйцэтгэгч компаниуд ч гэрээний хугацаанд ажлаа дуусгахаар шаргуу ажиллаж байгаа гэв.

Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж буй. Тус компанийн хариуцаж буй эхний 48 км авто замын ажил сарын өмнө 65 хувьтай байсан бол өчигдрийн байдлаар бүрэн хучилт хийж дууссан, харин үлдсэн 40 км замын 20 км-т хучилтын ажил үлдсэн, 20 км-т гүүр, хоолойн ажил ид явагдаж байлаа.

Гэрээний хугацаанд ажлаа амжуулахын тулд цаг наргүй ажиллаж байгаа гэдгийг төслийн зохицуулагч С.Баясгалан салбарын сайддаа танилцуулсан. “Хангай газар, тэр тусмаа уулархаг бүс нутагт авто зам тавина гэдэг хэр баргийн хүний зориглож хийх ажил биш. Манай замчид, замын компаниуд маш сайн ажиллаж байна. Сарын өмнө энд ирэхэд ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байсан. Гэтэл одоо ирэх сарын нэг гэхэд Хөвсгөл-Булганы авто замын ажил бараг дуусчих болов уу гэсэн итгэл төрж байна. Хэрвээ цаг агаар дулаахан, бороо хур багатай бол манай замчид гэрээт хугацаандаа замаа ашиглалтад оруулж чадах юм байна. Яам ч энэ ондоо багтааж ажлаа дуусгахын тулд ойр ойрхон хяналт тавьж ажиллалаа” хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх онцолсон юм.

Хөвсгөлийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажил иймэрхүү явцтай байсан бол Тариалан сумын Хужиртын дөрөлжөөс Хөндлөнгийн дөрөлж хүртэл 32 км зам барилгын ажлыг “Хотгор зам” компани гүйцэтгэж буй. Тус компанийнхан сарын өмнө салбарын сайдыг очиход цаг агаараас шалтгаалж ажил нэлээд хойшилсон хэмээн нэлээд урамгүй дүн мэдээтэй сууцгаасан бол энэ удаа ажлаа бараг л дууссан, одоо ердөө  зургаахан км замын асфальтан хучилтын ажил үлдсэн хэмээн салбарын сайдаа баяртай угтана билээ.  
 
Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулсан “Их Монгол барилга” компани сарын өмнө салбарын сайдад ажлын гүйцэтгэл дөнгөж 50 хувьтай яваа хэмээн танилцуулж, зэм хүртэж байсан бол өчигдрийн байдлаар суурийн ажил дууссан, одоогоор 16 км замын асфальтан хучилтын ажил үлдсэн, гэрээт хугацаандаа амжиж ажлаа дуусгана гэсэн амлалтыг өгсөн юм.
 
Ийнхүү Хөвсгөл-Булганы чиглэлийн 259 км авто замын барилгын ажил дуусах шатандаа орж, одоо ердөө 40 гаруйхан км замын барилгын ажил үлдээд байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хөвсгөл-Булганы чиглэл дэх замын ажил эрчимтэй өрнөж байна   
Үзсэн: 3443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-11 10:21
Б.Сезьхан даргатай "Хотгор зам" ХХК -ийн хамт олонд ажлын амжилт хүьсе . Зөвхөн урагшаа.
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2014-09-11 09:18
Алтан нутаг руу минь алтан шар зам хурдан тавигдаж байгаад маш их баяртай байнаа. Зам тээврийн сайддаа баярлалаа, замчиддаа баярлалаа, замын компаниудын удирдлагад талархаж байна. Монгол орны маань бүх аймаг хурдан замаар холбогдох болтугай.
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2014-09-10 16:25
Зам нутаг руу минь тавигдаж байгаад үнэхээр баяртай байна.Замын чанар сайн болно гэдэгт найдаж байна. Замын энэ хүнд амаргүй ажил хийж байгаа компаниудын ажилд их амжилт хүсье.
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-09-10 16:09
Чанартай л байгаасай
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-09-10 16:05
Сайн байна Ажил нь урагштай яваа юм байна.
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-09-10 16:05
Сайн байна Ажил нь урагштай яваа юм байна.

Бидэнтэй нэгдээрэй