Шууд Chart

Ж.Байгалмаа: Менингококкт халдвараар өвдсөн нэг настай хүүхдийн биеийн байдал хүнд байна

2025-01-03 14:27:04

ХӨСҮТ-өөс Менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 1-р сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын 2 тохиолдол батлагдан, эмчлүүлж байна. Менингококк халдвараар 10  болон 1 настай хүүхэд онош батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Арван нстай хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа бол нэг настай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Менингококк халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ, ЧД-ийн ЭМТ, НЭМГ хамтран голомтын болон бусад хариу арга хэмжээг авч ажиллалаа.

Менингококкт халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүл, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хавьтал судлал хийх шаардлагатай байдаг. Өнөөдрийн байдлаар хавьтлаас өвдсөн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй байна. Ойрын хавьтлуудад ХӨСҮТ-ийн зүгээс менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Менингококкт халдвараар бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг авч үзвэл 80-85 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд менингококкт халдвараар сургуулийн насны буюу 10-14 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх тохиолдлууд их байна.

Менингококкт халдвар нь улиралчлалтай явагддаг. Манай улсын хувьд сүүлийн 20 жилийг авч үзвэл 5-6 жилийн давтамжтайгаар өвчлөл нэмэгддэг зүй тогтолтой байна. Хамгийн сүүлд 2019 онд менингококкт халдварын олон тохиолдол бүртгэгдсэн байна.  Тэгэхээр 2025 он улиралчлалын хувьд 5 дахь жил таарч буй учраас ирэх хавар менингококкт халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Менингококкт халдвар 12-р сараас 5-р сар хүртэл идэвхжиж байдаг бөгөөд хамгийн оргил үе нь 3 дугаар сард дэгдэх эрсдэлтэй байна.

Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг цочмог өвчин. Тэр тусмаа хүүхэд маш өндөр 38-42 хэм хүрч халуурдаг, халууны эмэнд буудаггүй, богино хугацаанд эргэж халуурах, бие сульдах, бөөлжих, уур уцаартай болох, хэт цочмтгой болох зэрэг мэдрэл цочролын шинж тэмдэгтэй байдаг учир эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна ” гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ж.Байгалмаа: Менингококкт халдвараар өвдсөн нэг настай хүүхдийн биеийн байдал хүнд байна  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй