Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт (2025.01.11) Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээний шигшээ тоглолтыг нээж Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. “Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ойн хүрээнд анх 2013 онд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш уламжлал болж, энэ жил 13 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Улс орон даяар зохион байгуулагддаг тэмцээнд энэ удаа 5481 шатарчин оролцсон. Тэдгээрээс шалгарсан тамирчид шигшээ тоглолтод оролцохоор энд цуглаад байна. Хүн тоглож байхад үндсэн мөн чанар нь илэрдэг, үүн дотроо шатар тоглож байхад нь оюуны чансаа нь илэрч байдаг. Ийм ч учраас аймаг, сумаасаа, тэмцээнд өрсөлдсөн оюунт хүн болгоноос шалгарч ирсэн Та бүхэнтэйгээ энэ тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Би жил болгон энэ тэмцээнийг хүлээж, оролцдог. Монголын шилдэг оюунт Та бүхэндээ тэмцээнд амжилттай оролцохын ерөөл өргөж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2025 оны шигшээ тэмцээн нээснийг мэдэгдье” гэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их эзэн Чингис хаан мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монголын түүх судлалыг дэмжих, сурталчлан таниулах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасныг дурдаад энэ удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн монгол шатраар төрөл нэмж байгааг дуулгасан. Монгол шатар нь нүүдэлчдийн зан заншил, соёл уламжлалыг нэвт шингээсэн өвөрмөц онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр дурдаад монгол шатрын төрөлд оролцож байгаа тамирчид өнөөдөр Төрийн ордонд үндэсний шатраараа наадах онцгой сайхан өдөр тохиож байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар Улсын Их Хурлын дэд даргад дурсгалын шатар гардууллаа. Тэмцээний нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ж.Галбадрах, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл АИХ-ын депутат асан Д.Найдан, Д.Моондой, С.Билигсайхан, Т.Гантөмөр, Д.Чалхаажав, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, удирдлагууд, Монголын шатрын холбооны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.
Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолт эхэллээ | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.