Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө.
Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард болсон төрийн тэргүүний сонгуулийн дараа 6 сар үргэлжилсэн зөрчил маргаан, олон улсын шүүмжлэлийг үл харгалзан, баасан гарагт дахин Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
Энэ нь Мадурогийн хувьд Венесуэль улсын төрийн тэргүүний дараалсан 3 дахь бүрэн эрхийн эхлэл болж байна.
Гэвч түүний тангараг өргөх ёслолыг жагсаал цуглаан, шүүмжлэл угтсан байна.
Жагсаал цуглаан зөвхөн тус улсад бус Испани, Чили, Эквадор, Мексик, Эль Сальвадор зэрэг улсад болжээ.
“Мадурогийн Засгийн газар идэвхтнүүд болон сөрөг хүчний улс төрчдийг хэлмэгдүүлсэн, сонгуулийн луйвар хийсэн” гэж шүүмжлэгчид хэлж байна.
Өмнөх түүний бүрэн эрхийн 12 жилийн хугацаанд тус улсад эдийн засаг, нийгмийн гүн хямрал нүүрлэснийг хэвлэлүүд дурдаж байна.
Олон улс Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Испани руу зугтсан Эдмундо Гонзалесийг үнэмлэхүй ялалт байгуулсан гэж сөрөг хүчнийнхний мэдээлснийг дэмжин, түүнийг төрийн тэргүүн байх ёстой хэмээж байна.
Түүнчлэн Николас Мадурог тангараг өргөхийн өмнө сөрөг хүчний улс төрчид тэдний дотор Гозалесийг хүчтэй дэмжиж байсан гол холбоотон Мария Корина Мачадо хулгайлагдан, богино хугацаанд баривчлагдсаныг эш татан шүүмжилж байна.
АНУ-ын удахгүй ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар 2020 онд Мадуро болон Венесуэлийн бусад албаны хүмүүсийг хар тамхи, авлигын хэрэгт буруутгаж, баривчлах мэдээлэл өгсөн тохиолдолд нөхөн төлбөр өгөхөө амлан, хэмжээг нь өсгөөд байна. Мөн тэдэнд хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Гэвч Мадуро өөрт нь үүгэсэн хэргийг няцааж байгаа юм. Тэрбээр "АНУ-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа Засгийн газар биднээс хэрхэн өшөө авахаа мэдэхгүй байна" гэж тангараг өргөх үеэрээ хэлсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.