Шууд Chart

Насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнууд тодорлоо

2025-01-21 12:14:41

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн медальтнууд өчигдөр тодорлоо.

61 кг-ын жинд Т. Түвшинтулга түрүүлсэн

 

Чөлөөт бөхийн 2025 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 61 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар үзүүр, түрүүнд шалгарсан. Өнгөрсөн оны УАШТ-ий үеэр Т.Түвшинтулга жин өгсөж, 65 кг-д хүч сорьсон бол харин З.Занабазар жин хасаж 57 кг-д зодоглож байсан.

Улмаар Т.Түвшинтулга хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар үзүүрлэсэн юм. Тэгвэл тэдний үндсэн жиндээ түрүү булаалдсан барилдааны ялагчаар Т.Түвшинтулга тодорлоо. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр түрүүтэй З.Занабазар сүүлийн хоёр жил дараалж үзүүрлэж байна. Харин “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, “Аврагч” спорт хорооны бөх Э.Энхболд нар хоёул өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эздээр тодорлоо.

 57 кг-ын жинд Б. Мөнх-эрдэнэ хоёр дахь жилдээ түрүүлэв

 

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны тэртээ 1980 онд олимпын наадмаас хүрэл медаль авчирч байсан 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин, 23 хүртэлх насныхны Монгол Улсын аварга С.Жигүүр нар финалдлаа. Энэхүү барилдаанд цэвэр ялсан Б.Мөнх-Эрдэнэ хоёр дахь жилээ дараалан Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүллээ.

“Алдар” спорт хорооны бөх 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабанди эл жингийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүлээ. Харин энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Баянгол Аваргууд” академийн тамирчин Л.Мөнх-Од гардсан юм.

 Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүллээ

 

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын отгон медальт Ц.Цогбадрах итгэл төгс түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд “Аваргууд” академийн Д.Төрбаярыг цэвэр дарсан. Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүллээ. Харин 2022 оны МБАТС-ын хүрэл медальт Д.Төрбаяр улсын аваргад анх удаа финалдаж, анхны мөнгөн медалиа хүртлээ.

Залуу тамирчин Б.Зэнээмэдэр, Б.Гантулга нар насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан байна.  Б.Зэнээмэдэрийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд 2:1-ээр хожигдож яваад цаг дуусахтай зэрэгцэн ард нь гарч, хожлын оноогоо авсан юм.

Гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ түрүүлэв

 

ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад итгэл төгс түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.  Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув. Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнууд тодорлоо   
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй