Шууд Chart

Сэлэнгийн Бугантад хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтжээ

2025-01-25 11:23:05

2025 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 01 дүгээр сарын 25-ны 08 цаг хүртэлх

цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 25.0 см, Баянхонгорын Гурванбулагт 20.0 см, Завханы Цагаанчулуут 18.0 см, Увсын Улаангом, Хяргас, Завханы Тэс, Түдэвтэй, Сонгино, Баянхайрханд 16.0-17.0 см, бусад хэсгээр 0.0-15.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорноговийн Иххэтэд 5.0 мм, Хэнтийн Дэлгэрхаан, Оргил, Цэнхэрмандалд 4.0 мм цас орсон байна. Бусад нутгаар 0.0-3.0 мм цас орсон байна. 

 Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-27 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 13-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 0-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Дарьгангын тал нутаг болон цас багатай энгэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 30-35 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн хонов.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 10-16 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр 4-6 хэм, өнгөрсөн шөнө 13-15 хэм хүйтэн хоносон байна.


Сэлэнгийн Бугантад хамгийн их буюу 25 см цасан бүрхүүл тогтжээ   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй