Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдав

2025-01-29 16:45:46

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц ба Монгол Улс хэмээх судалгааны үр дүнг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор танилцуулсан.

Тэрбээр, Монгол  Улс  2009 онд    энэхүү конвенцид  нэгдэн орж, 2016 онд тус конвенцийн  хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг баталсан. Конвенц болон  хуульд  хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрхийг хангах, боловсрол, хөдөлмөр, эрүүл мэндийн үйлчилгээ, тээвэр, орон сууц зэргийг тэднийг оролцуулсан  хүртээмжтэй байх  тухай  асуудлууд тусгагдсан. Гэвч энэхүү хуулийн заалт бүрэн хэрэгжихгүй байх, дүрэм журмууд  өөр хоорондоо зөрчилдөх, бусад салбарын хуулиудад асуудал бүрэн дүүрэн тусгагдахгүй байх бэрхшээл саад байсаар байна. Иймд Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцтой хэр нийцэлтэй байгааг судлан шинжилж дүгнэлт хийх, асуудлыг сайжруулахын тулд үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох нэн шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын зарчмууд үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байгааг үнэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн хангах бодит боломж ямар түвшинд байгаа болон хууль, эрх зүйн зохицуулалтад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах шаардлагатай хэмээгээд тус конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүний суурь болон тусгай эрхүүдийг багтаасан 29 эрхийн асуудлын холбоо хамааралтай байдал болон зохицуулж буй хууль, тогтоомжийн нийтлэг байдлаас хамааруулан 6 бүлэгт хуваасан талаараа ярив. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид  хүний суурь эрхүүд болон тусгай эрхүүдийг багтаасан  29 зүйл заалтын  46 хувь нь манай улсын  хууль тогоомжид  бүрэн нийцэлтэй байгаа тул хэрэгжилтэд төвлөрөн ажиллах,  найман хувь нь нэр томьёоны  тодорхойлолтын зөрүүг арилгах шаардлагатай гэсэн бол 38 хувь нь агуулга арга хэмжээг нэмж тусгах шаардлагатай гэжээ. Харин 15 хувь нь конвенцын заалт болон агуулга зөрчигдсөн тул арилгах шаардлагатай хэмээн үзсэн байна. Судалгааны дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ.

Тус ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хангах талаар хууль эрх зүйн орчин болон нийцэл, хэрэгжилтийг хангах талаар судалгааг үргэлжлүүлэн хийсний дараа холбогдох яам, агентлагуудын албан тушаалтнуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр дараагийн хурлаа хийхээр тогтлоо гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй