Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран хүүхдийнхээ бие махбодид илэрч буй шинж тэмдгийг тоолгүй орхих, эмч, эмнэлгийн байгууллагад оройтож хандах, дур мэдэн гэрээр эмчилдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимддог явдал гарч байна.
Менингококкт халдвар нь хоёр хэлбэрээр халдварладаг.
Эхнийх нь тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж. Энэхүү халдварын үеэр ухаан санаа балартаж, хүчтэй өвдөх, татах, хэт өндөр халуурах зэрэг шинж илэрдэг байна.
Хоёр дахь хэлбэрийн халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарч, хордлогын шокоор хүндэрдэг. Энэ хэлбэр бол хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангилалтай. Энэхүү халдварын нэн хүнд хэлбэрээр өвдсөн бол бөөрний дээд булчирхайд үхжилт өгч, 100 хувь нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингит гэж ярьдаг нь энэ халдвар юм. Биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг хүнд өвчин аж.
Менингококкт халдварын нян нь тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг, 36-37 градусын дулаанд үрждэг. Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр 2025, 2026 оныг дэгдэлт өндөртэй жил гэж үзэж байгаа юм.
ХАЛДВАРЛАЛТ
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг. Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ
- Гэнэт өндөр халуурах (39 хэмээс дээш)
- Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
- Хүүхэд уйлагнах
- Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
- Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
- Хүзүү хөших, ухаан санаа самуурах
- Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
- Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
- Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
- Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
- Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
- Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
- Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх хэрэгтэй.
Менингококкт халдвараас сэргийлье | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.