Монголын уламжлалт сар шинэ ойртож байгаа учраас хулгайн гэмт хэрэг болон халаасны хулгай гэмт хэрэг гаралт нэмэгддэг. Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Э. Энхзаяатай ярилцлаа.
-Удахгүй сар шинэ болох гэж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг хэр их бүртгэгдэж байна вэ?
Өнгөрсөн 2024 онд цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 18,8 хувийг бусдын өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Нийт бүртгэгдсэн 6041 хулгайлах гэмт хэргээс 22 хувь буюу 1330 халаасны хулгай гэмт хэрэг эзэлж байна. Удахгүй сар шинийн баяртай холбогдуулж, иргэд зах худалдааны төвүүдээр ихээр үйлчлүүлдэг. Энэ үеэр халаасны хулгайн гэмт хэрэг ихэсдэг. Учир иргэдийн анхаарал сарних мөчид гэмт хэргийг үйлддэг.
Халаасны хулгайн ихээр үйлдэгдэг газар гэвэл автобусны буудал, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд иргэд эд хөрөнгө алддаг. Одоо нийтийн арга хэмжээ, гудамж талбай гэхээс илүүтэй орон сууцны хороолол дунд халаасны хулгай их үйлдэгдэж байна. Хүнсээ цуглуулах гээд гарч явах үе буюу хүний анхаарал буурсан үеийг ашиглаж үйлддэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар болон нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтарч нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснууд дэвшилтэд технологийг ашиглаж, царай таньдаг теле хяналтын камерыг суурилуулах ажлыг зохион байгуулж байгаа.
Халаасны хулгайн илрүүлэлт ямар байна. Гэмт хэргийн ихэвчлэн ямар насныхан үйлдэж байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн 16-35 насны этгээдүүд үйлдэж байна. Ингэхдээ бүлэг зохион байгуулалтын хэлбэрт шилжиж тухайн гэмт хэргийг үйлдэж байна. Иргэд хувцасныхаа гадна талын халаасанд түрийвч, гар утас зэргээ хийдэг. Үүнийгээ хулгайд алддаг. Эд зүйлээ алдаж хохирсон иргэд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргадаг.
Цагдаагийн байгууллага иргэдээс гар утсаа алдсан болон гээгдүүлсэн гэх өргөдөл гомдлыг хүлээн авч тухайн иргэдийн ухаалаг төхөөрөмж дээрх дахин давтагдашгүй 15 орон бүхий имей кодыг Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд бүртгэнэ. Ингэснээр “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем” нь цагдаагийн байгууллагаас мэдээллийн сангаас гэмт хэргийн замаар алдагдсан, гээгдсэн ухаалаг төхөөрөмжийн мэдээллийг дамжуулан авах боломжтйо болгосон. Мөн “И Монгол Академи” УТҮГ-тай хамтарч “Төрийн цахим үйлчилгээний Е-Монголиа” системд иргэн IMEI дугаараар хайлт хийж ашиглах шинэ үйлчилгээг нэвтрүүлж, техник технологийн боломжийг бүрдүүлж ашиглалтад оруулсан.
Өнгөрсөн оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороо, И Монгол академи, Үүрэн холбооны ассоциаци зэрэг байгууллагуудтай хамтран иргэдийн алдагдсан болон гээгдэл гар утсыг шуурхай олж тогтоох, хохирлыг барагдуулах, халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “SMART DEVICE” програм хангамжийг ашиглалтад оруулсан.
-Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн ямар насныхан өртөж байна вэ?
-Халаасны хулгай гэмт хэргийн хохирогчид оюунтан сурагчид байна. Халаасны хулгайгаас гадна зогсоолд байгаа автомашины цонхыг хагалж, машин дотор байгаа эд зүйлийг хулгайлж байна. Иймээс иргэд автомашиндаа дохиоллын систем суурилах, эсвэл камерын хяналттай газар автомашинаа байрлуулах хэрэгтэй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь иргэд аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагаа суурилдаг.
-Хулгай хийсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэж байгаа вэ. Дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэр байна вэ?
Эрүүгийн хуулийн 17.1.1-т зааснаар хянан шийдвэрлэдэг. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд давтан үйлддэг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн 90 хувь нь дахин халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг
-Иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүн өөрийнхөө эд зүйлд сонор сэрэмжтэй хандах ёстой. Дан ганц нийтийн тээвэрт гэлтгүй зах худалдааны төвүүд, хүний хөдөлгөөн ихтэй гудамж талбайд халаасны хулгай их үйлдэгддэг. Гудамж талбай олон нийтийн газраар явах, авто замын явган хүний гарцаар гарахдаа шалтгаангүй шахаж, хэт ойртож байгаа хүнээс болгоомжлох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа
Э.Энхзаяа: Орон сууцны хороолол дунд халаасны хулгайн гэмт хэрэг их үйлдэгдэж байна | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.