Шууд Chart

Н.Учрал: “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслийг урагшлуулна

2025-02-03 14:16:41

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.

“Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин компанийн үйл ажиллагааг танилцуулав.

“Шивээ-Овоо” ХК нь дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг хангаж, “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувийг нийлүүлдэг.

Нүүрсний орд нь нийт 29,500 га талбайг хамардаг бөгөөд 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Улсын төсөвт 2023 онд 15,1 тэрбум, 2024 онд 17,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд 22,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн ТЭХГ-ийн дарга С.Ашидмөнх “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох 300 MBT-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн явцыг танилцуулав. Тэрбээр "Төслийн судалгааг 2005 оноос эхлүүлж байсан. Анхны судалгаагаар 200 MBT-ын хүчин чадалтай станц барина гэж төлөвлөсөн ч өнөөдөр 300MBT-аас дээш хүчин чадалтайгаар барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар газрын (100 га) асуудлыг бүрэн шийдсэн" гэв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох, бүс нутгийн аж үйлдвэрийн паркуудыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай цахилгаан станц барих шаардлагатай. Энэ ажил 20 жил гацсан. ТЭЗҮ-ийг цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэн боловсруулах хэрэгцээ бий болсон. Засгийн газар том төслүүдээ урагшлуулахад онцгой анхаарч ажиллаж буй. Энэ хүрээнд “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих шинэ станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүч хосолсон, дэвшилтэт технологиор байгуулахад анхаарч, төслийг урагшлуулна. Түүнчлэн тус компанийн олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж, уурхайн тоног төхөөрөмжийн хоцрогдлыг арилгах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч, засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулна.

“Шивээ-Овоо” ХК нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани болохыг зорьж ажиллаж байна гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 


Н.Учрал: “Шивээ-Овоо”-н уурхайг түшиглэн барих цахилгаан станцын төслийг урагшлуулна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй