Шууд Chart

БОУАӨЯ: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй

2025-02-04 13:49:00

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны бүх сонсголд суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамдынхан, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн.

Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон.

Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн.

Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л байна.

Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.


БОУАӨЯ: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй