Шууд Chart

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2025-02-04 15:31:01

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо.

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 6693 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн байна. Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.

Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан. 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болсон байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, бүс, орон нутгийн хөгжлийг стандартын шинэ загвараар, бүсчилсэн хөгжлийн шинэ загварыг стандартаар тэргүүлсэн байхаар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Үүгээр зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Тиймд аймаг, нийслэлд хэрэгжүүлж буй салбарын аливаа үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулж, стандартчилал хэмжил зүйн салбарын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс бодлого, төсөв санхүүгээр бүрэн дэмжиж, онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй