Шууд Chart

Монгол Улс, БНХАУ хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо

2025-02-06 12:39:17

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 76, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 11 жилийн ой тус тус тохиож буйг онцлов. Түүнчлэн БНХАУ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн хөгжлөө хурдасгаж, нийгмийнхээ тогтвортой байдлыг хангаж чадсан туршлагыг онцлон дурдаад Монгол Улсад ч мөн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Авлигын эсрэг багц хууль батлагдсанаар олон эерэг үр дүн гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Хатагтай Элчин сайд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж, Төр, Засгийн тэргүүнүүдийн айлчлал тогтмол явагдаж, томоохон төслүүдийг бодит ажил болгохын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар онцоллоо. Мөн хууль сахиулах салбарын алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх богино хугацааны сургалтад хамруулах, интернэт орчинд хил дамнасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэхчилэн кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон хар тамхитай тэмцэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдсэн.

Түүнчлэн талууд хоёр орны хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ижил төстэй байгууллагууд туршлага солилцох, ялтан шилжүүлэх тухай болон салбарын бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Жан Хоюуань болон цагдаагийн ахлах атташе Ши Юуньбинь нар байлцав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


Монгол Улс, БНХАУ хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй