Шууд Chart

Азийн өвлийн спортын наадамд Харбин хот бэлэн

2025-02-07 13:10:46

БНХАУ-ын зүүн хойд нутаг Хэйлонжиан мужийн нийслэл хот Харбин хотод Азийн өвлийн спортын 9-р наадам энэ хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болно. Энэ наадам нь БНХАУ 2022 онд нийслэл Бээжин хотноо Өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаас хойших дараагийн олон улсын чанартай томоохон наадмыг эх орондоо хүлээн авч буй эхний тохиолдол юм. 

Харбин хот болон наадмыг зохион байгуулах хорооны ажил, бэлтгэлжилтэд Азийн олимпын зөвлөлийн хамт олон, удирдлагууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө бүх ордон, талбай, танхим, газруудын үйл ажиллагаа, техник төхөөрөмжүүдийг туршиж үзэж дууссан байна. Азийн олимпын зөвлөлөөс Харбин хотноо ирсэн төлөөлөгчид цасны спортын төрлийн тэмцээнүүд болох Ябули хот руу Харбинаас очих хурдны галт тэрэг болон тухайн газар орны орчин нөхцөл, дэд бүтцийн тал дээр тун талархалтай хандаж, халуун дулаан сэтгэгдлийн үгсийг хэлжээ.

Харбин хот 2023 оны долоодугаар сарын 08-ны өдөр Азийн өвлийн наадмыг 2025 онд зохион байгуулах хот болон сонгогдсон. Тийм учраас БНХАУ болон тухайн хотод Азийн өвлийн спортын наадмын зохион байгуулалтад бэлтгэхэд ердөө 18 сарын хугацаа байсан юм. Олон улсын томоохон наадам зохион байгуулахад ойролцоогоор 6-7 жилийн өмнөөс бэлдэж эхэлдэг. Тэгвэл энэ удаад маш богино хугацаа байсан бөгөөд энэ хугацаандаа бүх зүйл дээр бэлэн болж чадсан гэдэг нь гол ялгаатай зүйл.  

Азийн олимпын зөвлөлийн талаас ч Харбин хотыг Азийн өвлийн спортын наадам эхлэх цаг болоход бэлтгэл ажлыг бүрэн хангаж чадна гэдэгт итгэлтэй байсан. Учир нь: Нэгдүгээрт, БНХАУ бол энэ дэлхийн спорт олимпизмын хөдөлгөөний хамгийн үнэ цэнтэй, чухал хамтрагч, түншүүдийн нэг гэдгээ нотолсон улс. Түүнчлэн Хятадын Спортын ерөнхий газар, Хятадын Үндэсний Олимпын хороо, орон нутгийн зохион байгуулах хороо мөн Хэйлунжан муж, Харбин хотын засгийн газар зэрэг томоохон оролцогч талууд маш сайн хамтран ажилласан гэдгийг онцолжээ.  

Тухайн улс орон спортын талбарт ч тэр, талбайн гадна ч тэр манлайлагч, ялагч байхын тулд хамгийн чухал зүйл бол багийн ажиллагаа юм. Энэхүү багаар ажиллах чадвар, эвлэл нэгдэл нь БНХАУ-ыг олон улс болон тив, дэлхийн түвшинд олимпын хөдөлгөөний түүчээ болж яваа гол шалтгаануудын нэг болсон билээ.  

Хоёрдугаарт, Хятад улс өвлийн спортын тив, дэлхийн чанартай томоохон наадмуудыг, тухайлбал 2022 онд өвлийн олимпын наадмыг Бээжинд, түүнээс өмнө 1996 онд Харбин хотноо Азийн өвлийн спортын гуравдугаар наадмыг, 2007 онд Чанчунь хотноо Азийн өвлийн спортын зургаадугаар наадмыг тус тус амжилттай зохион байгуулж өөрсдийн чадамж, нөөц бололцоо, ур чадварыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм.

Азийн өвлийн спортын наадам ийнхүү Харбин хотноо эргэн ирлээ. Наадмын хувьд ч оролцоо, цар хүрээ, зохион байгуулалт, хамрах хүрээ гээд бүх талаар урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болж байна. “Харбин 2025” наадам БНХАУ-д болж байгаа гурав дахь удаагийн Азийн өвлийн спортын наадам тул Хятад улс “хет-трик” хийж, Азийн олимпын зөвлөлийн түүхэнд бас нэгэн шинэ баялаг түүхтэй хуудсыг нээж байна. 

Гуравдугаарт, Хятадад өвлийн спортын төрлүүд түгэн дэлгэрч буй байдал: Энэ байдал нь Харбин болон Ябули хотод ард иргэд, олон нийт дуртай спортын төрлүүдээ үзэж, баг тамирчдаа хөгжөөн дэмжихээр ирэхэд мэдрэгдэх нь дамжиггүй. Тэдний өгөх урам зориг бүр цас, мөсөн дээр өрсөлдөж буй шилдэг тамирчдад, өвлийн спортын шинэ үеийн тамирчдадаа арвин итгэл хайрлах нь дамжиггүй.

Харбин хот энэ удаагийн наадмыг зохион байгуулах байгууламжуудаараа мөн Азийн олимпын зөвлөлийн албан тушаалтнуудын хүндлэлийг хүлээжээ. Тэмцээн уралдаанууд болох таван газар бүгд яг энэхүү мөчид бэлэн болоод байгаа юм.

Азийн олимпын зөвлөл нь аливаа улс орны үйл ажиллагааны идэвх чармайлт болон тогтвортой байдал, амжилт бүтээлээ хадгалж буй байдлыг дэмждэг. Харбин хотын таван ордны нэг нь гүйлтийн тэшүүр, шорт-трек, уран гулгалт, кёрлинг, хоёр нь шайбтай хоккейн спортод зориулагдсан. Энэ спортын танхимуудыг бэлтгэх засвар үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг ажлууд наадмын бэлтгэл ажлын гол хэсэг байсан. Энэ нь дээрх үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалах гэсэн утга санааг илэрхийлж чадах хамгийн сайн жишээ юм. Энэхүү хандлага, арга барил нь шинэ ордон, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын ажлыг хүлээлгэн өгөх эцсийн хугацаа, тэр байтугай дотоод үйл ажиллагаануудыг ямар нэгэн саатал гаргалгүйгээр туршиж үзэх цаг хугацааг ч хангалттай олгосон аж.

Ази тив 8 жил хүсэн хүлээсэн өвлийн спортын наадам эхлэхэд манай тивийн баг тамирчдаас гадна, дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтнүүд болон жуулчид, үзэгчид Харбин хотноо ирж тус хотын цас мөсний ертөнцтэй танилцах болно. 

Харбин хотын гайхамшигт мөсөн паркд өдөр бүр Азийн Наадмын медальтнуудаа хүлээн авах хүндэтгэлийн талбай зэрэг олон газрууд бэлдсэн бөгөөд энэ зэргээр Азийн өвлийн наадмын үйл ажиллагаануудад маш их зай талбайг зарцуулах юм. Үүнд нь ч Азийн олимпын зөвлөл туйлын талархалтай байгаа аж. Цас, мөсний маш өвөрмөц аялал жуулчлалын баяр, спортын наадмыг хамтран сурталчлах нь хоёр тал хоёуланд нь ашигтай гэдэг нь ойлгомжтой.

Өөр нэгэн онцлох зүйл бол Харбинаас Ябули хүртэлх галт тэрэгний аялал гэж зохион байгуулагчид онцолж байгаа юм. Энэ нь холоос ирсэн зочид гийчдэд хурдны галт тэргээр шинэ, цэцэглэн хөгжиж буй Хятад улс болон цасаар хучигдсан байгалийн үзэсгэлэнт дүр төрхийг үзүүлж, мартагдашгүй мөчийг гэрчлэхийн зэрэгцээ Хятадын төмөр замын хурдацтай хөгжлийг харах боломжийг олгоно гэж танилцуулсан байна.

 

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын гол уриа, утга санаа бол “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” юм. Энэ уриа нь Азийн олимпын зөвлөлийн таван бүс нутгийн нийт 34 Үндэсний олимпын хороодын баг тамирчдыг нэгтгэсэн Азийн өвлийн спортын наадмын бүх оролцогчдын эв нэгдэл, нөхөрлөл, хүндлэлийг илэрхийлж буй билээ.

Өмнө нь Азийн өвлийн спортын наймдугаар наадам Японы Саппоро хотод 2017 онд болоход 32 Үндэсний олимпын хороодын баг тамирчид оролцсон нь дээд үзүүлэлт болж байсан бол энэ удаад хоёроор нэмэгдэж байна. Шинээр нэмэгдсэн хоёр улс нь Австрали, Шинэ Зеландын Үндэсний олимпын хороодын багууд юм. Мөн энэ жилийн наадамд 1275 тамирчин оролцоно. Энэ нь найман жилийн өмнөх Саппорогийн өвлийн наадамд 1147 тамирчин оролцож байснаас 128-аар илүү үзүүлэлт боллоо. 

Мөсөн талбайд урам зоригтой тоглогчдын хурд хүчтэй, эрэмгий дайчин тоглолтоор үзэгчдийг татдаг тул шайбтай хоккейн төрөлд хэд хэдэн улс шинээр оролцох нь сонирхол татаж байна. Элсэн цөлтэй дулаан уур амьсгалтай орнууд болон Зүүн өмнөд Азийн орнуудад энэ зэрэг төрлүүд төдийлөн хөгжөөгүй байдаг ч гаднын улсад амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг баг тамирчдаараа оролцох тохиолдол нэмэгдсээр байгаа нь анхаахал татаж буй сэдвүүдийн нэг.

Азийн олимпын зөвлөл нь аль болох олон үндэсний олимпын хороодын багийг Азийн өвлийн наадамд оруулахыг зорьж, тэднийг үргэлж дэмждэг. Үүн дээр тулгуурлан Үндэсний олимпын хороод нь өвлийн спортын холбоодоо дэмжиж, мөн дотоодод болон гадаадад байгаа авьяаслаг тамирчдаа олж нээж, хөгжүүлж чадвал аль ч улс оронд амжилт гаргах, амжилтаа ахиулах бүрэн боломж буйг энэ удаагийн наадмын үзэл санаануудын нэг болгож, улс орнуудад уриалжээ.

Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 Үндэсний олимпын хороодоос 34 нь энэ удаагийн өвлийн спортын наадамд оролцож байгаа нь урьд өмнө байгаагүй, маш сайн үзүүлэлт.  Ялангуяа 1986 онд болсон Азийн өвлийн спортын анхдугаар наадамд 7 Үндэсний олимпын хороодын нийт 430 тамирчин, албаны хүмүүс оролцож байсантай харьцуулахад гайхалтай амжилт, өсөлт юм. 1996 онд Азийн өвлийн спортын гуравдугаар наадам Харбин хотод болж байснаас хойш ийнхүү 29 жилийн дараа буюу 2025 онд ес дэх удаагийн наадмыг Харбин хот дахин эхлүүлэх гэж буйд Азийн олимпын зөвлөл машид хүлээлттэй байгаагийн зэрэгцээ дэлхийд хүн амаар тэргүүлэгч шар тивийн нийт ард олон тэсэн ядан хүлээж буй биз ээ. 

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн Азийн өвлийн спортын наадмыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, "MNB Sport" суваг шууд дамжуулан үзүүлэх юм. Манай Монгол улсаас тус наадамд 4 спортын 7 төрөлд 35 тамирчин оролцоно. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1986 оны буюу анхны Азийн өвлийн спортын наадмаас хойш тасралтгүй оролцож, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттай байдаг. Наадмын нээлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 20:00 цагаас манай телевизээр шууд хүлээн авч үзээрэй. 

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Азийн өвлийн спортын наадамд Харбин хот бэлэн  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй