Шууд Chart

О.Сонинбаяр: Монголд анх удаа Азийн өвлийн наадмыг MNB Спорт суваг шууд дамжуулан үзүүлнэ

2025-02-07 18:01:21

Өнөөдөр БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам нээлтээ хийх гэж байгаа билээ. Тус наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх гэж байгаатай холбогдуулан бид MNB Спорт сувгийн сэтгүүлч О.Сонинбаяраас тодруулга авлаа.

-Азийн өвлийн спортын наадам болох гэж байна. Хэд дэх жилдээ болж байна вэ. MNB Спорт суваг шууд дамжуулах гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаад байна вэ. Ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллах гэж байна вэ. Энэ удаагийн шууд дамжуулалтын онцлог юу байна вэ?

-Азийн зуны болон өвлийн спортын наадам 4 жилд нэг удаа болдог. MNB Спорт суваг 2018 оны Азийн зуны спортын наадмыг шууд дамжуулж байсан. 2022 оны Азийн спортын наадам ковидоос болж хойшилж байсан. 2023 онд Ханжоуд болсон Азийн наадмыг манай MNB спорт суваг шууд дамжуулж байлаа. Өвлийн наадмын хувьд 2017 онд Японы Саппоро хотод болж MNB Спорт сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан сурвалжилж байсан. Дөрвөн жилд 1 удаа болох ёстой наадам 2021 онд болох байсан ч ковидын үе таарч, өнжөөд 8 жилийн дараа БНХАУ-ын Харбинд болж байна. Найман жилийн дараа болж байна гэдэг утгаараа нэлээд ач холбогдол өгч байна.

Азийн өвлийн наадмыг MNB Спорт суваг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. MNB Спорт суваг нийт баг бүрэлдэхүүн буюу инженер техникийн ажилчид, зураглаач сэтгүүлч, хөтлөгчид Өвлийн спортын наадмыг өдөр бүр 150 студиэс шууд дамжуулан үзүүлэх болно. Мөн Харбинаас манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээ, сурвалжилгыг цаг алдалгүй үзүүлнэ. Мөн шууд дамжуулалтыг MNB Спорт сувгаар дамжуулахын зэрэгцээ өвлийн наадмын онцлох төрлүүдийг МҮОНТ-ээр шууд дамжуулна.

-"Харбин 2025" Азийн өвлийн наадамд нийт хэдэн орны тамирчин оролцож байна вэ?

- Энэ удаагийн Азийн өвлийн наадамд нийт 34 орны 1275 тамирчин, спортын 11 төрлөөр, 64 багц медалийн эзэн тодруулна. Сонирхуулахад, Харбин хотод өвлийн спортын наадам 2 дахь удаагаа болж байгаа бол БНХАУ өвлийн спортын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. 

-Монгол Улсаас хэчнээн баг тамирчин ямар ямар төрөлд оролцож байгаа вэ?

Манай улсын баг тамирчид анх 1986 онд Японы Саппород болсон спортын наадамд оролцож байсан бөгөөд 9 дэх удаагаа Азийн өвлийн наадамд оролцож байна. Монгол Улсын хувьд спортын 4 төрөлд 7 ангилалд зайд оролцох хуваарьтай байна.  Манай улсын 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны хүмүүс гээд нийтдээ 61 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Нийтэлсэн: О.Ундармаа

О.Сонинбаяр: Монголд анх удаа Азийн өвлийн наадмыг MNB Спорт суваг шууд дамжуулан үзүүлнэ  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй