Шууд Chart

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байна

2025-02-07 18:35:19

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр Ташкент хотноо эхэллээ.

Энэхүү Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Узбекистан улс болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэхүү хуралдаан юм гэдгийг хоёр тал онцолж байна.

Узбекистан улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймд дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.

Хуралдаанд Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол, Узбекистаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төр болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.


Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байна  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй