Шууд Chart

Ховд аймагт цэцэрлэгийн нэг багшид 33,6 хүүхэд ногдож байна

2025-02-11 08:58:23

Ховд аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 31668 сурагч суралцаж, 1481 багш, 1553 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 33,6 хүүхэд ногдож, хамран сургалт 89,0 хувь байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 20 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 97,8хувь, суурь боловсролын хамран сургалт 94,7 хувьтай байна.

Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээ: Цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 40 багш, 2 дугаар түвшинд 41 багш, 3 дугаар түвшинд 52 багш, 4 дүгээр түвшинд 40 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Сургуулийн 1 дүгээр түвшинд 71 багш, 2 дугаар түвшинд 229 багш, 3 дугаар түвшинд 177 багш, 4 дүгээр түвшинд 130 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна. Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын математик, англи хэл, орос хэл, физик, газар зүй, химийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.

Ховдын ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 404,1 сая төгрөг, хичээл практикийн зардал 534,4 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 133,5 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 986,8 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 134,2 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 89,6 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 556,7 сая төгрөг батлагджээ.

Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 60,1 сая төгрөг, хичээл практикийн зардал 259,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 60,1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 145,0 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 89,6 сая төгрөг тус тус батлагдсан. Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 108 багш, 3-11 дүгээр ангийн 7834 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын идэвх 98%-тай байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын 22 нь буюу 80% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 19 нь буюу 57,5% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтнаар хангагдсан бол 64%-д сэтгэлзүйч, 36%-д нь хоолзүйч ажиллаж байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 58,773 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 12,296.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 13 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 3 сургууль, 5 цэцэрлэг, цогцолбор 1, дотуур байр 3-ыг барьж байна.

Ариун цэврийн байгууламжийн төсөлд 16 сумын 15 цэцэрлэг, ерөнхий боловсролын 26 сургууль, 15 дотуур байрын 56 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 47 объект ашиглалтад орж 9 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ховд аймагт цэцэрлэгийн нэг багшид 33,6 хүүхэд ногдож байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй