![](/uploads/202502/news/thumb/8c3beaae9c5ed72ec1cc2702ea970bf3_x3.jpg)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалд хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах Ахлах мэргэжилтэн Г.Батнасантай ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын төлөлтийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, Монгол Улсын Засгийн газраас шинэчлэн баталж явдаг. Энэ оны нэгдүгээр сарын 2-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар шимтгэлийн хувь хэмжээг баталж өгсөн. Батлахдаа ажилтны сард төлөх хувь хэмжээг дөрвөн хувиар баталсан байгаа. Ажил олгогч нь хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар баталж өгсөн. Тухайлбал, Хоёр сая төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг бол 40 мянга төгрөг, ажил олгогч нь 40 мянган төгрөг буюу сард 80 мянга төгрөг даатгалын санд төвлөрдөг юм.
Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, малчин, оюутан Эрүүл мэндийн даатгалд хоёр хувийг төлнө. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж байгаа. Иймээс хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд сард 15840 төгрөг төлнө. Харин нэг, хоёр, гуравдугаар сард өмнө нь төлж байсан хоёр хувь буюу 13200 төлнө.
Төр хариуцсан иргэд буюу нийгмийн халамж, зайлшгүй туслалцаа шаардлагатай иргэд, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан иргэд Эрүүл мэндийн даатгалын мөнгө төлөхгүй. Улсын төсвөөс сар бүр эрүүл мэндийн даатгалын сан руу мөнгийг нь шилжүүлдэг.
-Иргэд Эрүүл мэндийн даатгалаа цахимаар төлж болох уу?
-Эрүүл мэндийн даатгалын төлөлт 100 хувь цахимжсан. Төрийн үйлчилгээний ИБаримт, Имонголиа аппликэйшнд байршчихсан. Эдгээр цахим сувгуудаар Эрүүл мэндийн даатгалаа төлөх боломжтой. Цахим сувгууд руу ороод регистрийн дугаар хийхэд таны даатгал төлсөн сар болон төлөөгүй сар нь гарч ирнэ. Ямар нэгэн давхардал үүсэхгүй. Цахимаар төлөлт хийхэд 5-10 минутын дараа баталгаажна. Ингэснээр зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдахгүй авах боломжтой юм.
-Иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлөөд байдаг ч эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй гэдэг?
-Эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал буюу эв санаа нэгдэл гэдэг зүйл дээр тулгуурлаж байдаг. Та өнөөдөр тусламж үйлчилгээ аваагүй ч гэсэн таны гэр бүл болон эргэн тойрны хүн тусламж авлаа гэхэд бидний төлсөн даатгалын мөнгө тухайн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүчтэй нь хүчгүйгээ, боломжтой нь боломжгүйдээ гэсэн зарчмаар явж байдаг юм. Манай байгууллагад баярлаж талархлаа илэрхийлж ирж байсан тохиолдол олон бий. Өндөр өртөгтэй хагалгаанд ороход маш сайн хөнгөлөлт үзүүллээ, эмчилгээ хийлгэхдээ төлбөр төлсөнгүй гэдгийг хэлж ирдэг хүн олон байгаа.
Даатгалын сангаас 13 төрлийн тусламж үйлчилгээг авдаг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах, рашаан сувилал, эмийн үнийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Одоо эмийн хөнгөлөлтийг хүссэн үедээ очиж авах боломжтой болсон. Даатгуулагчдаа аль болох хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлдэг болсон байгаа.
-Хувиараа Эрүүл мэндийн даатгалаа төлдөг хүмүүс сар бүр гэхгүйгээр бүтэн жилээр төлөлтөө хийх боломж байдаг уу?
-Нийгмийн даатгалыг нөхөж төлж болдоггүй. Харин Эрүүл мэндийн даатгалд ямар ч зохицуулалт байхгүй. 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Иргэд өвдөхгүй юм чинь Эрүүл мэндийн даатгал төлөхгүй, тэгж байгаад нэг төлнө дөө гээд орхигдуулаад байхаар нийлбэр дүн хуримтлагдаад өндөр болчихдог. Иймээс аль болох тухайн сар, жилдээ багтаж төлөлтөө хийж байх хэрэгтэй. Хүний амьдрал баялаг шүү дээ. Нэг л өдөр тусламж үйлчилгээ авах болохоор даатгал нь төлөгдөөгүй бол шаардлагатай тусламж үйлчилгээ авах гэж цаг алддаг. Иймээс сар бүр тогтмол төлж явах хэрэгтэй.
Тухайн сардаа амжиж төлөөгүй бол нөхөж төлж болдог. Сардаа төлөлтөө хийгээгүй гэж ямар нэгэн алданги торгууль байхгүй. Тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, хувь хэмжээгээр нь төлөлтөө хийгээд үйлчилгээ авах боломжтой. Тухайн иргэн Эрүүл мэндийн даатгалаа сараар нь төлөх, хагас жил болон бүтэн жилээр төлөх гээд сонголт байгаа. Гол нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа даатгалаа бүрэн төлсөн байх ёстой. Тухайлбал, хоёрдугаар сард эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа гэхэд энэ сарын Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ёстой.
-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд хэдэн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой вэ?
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 2500 гаруй эрүүл мэндийн байгууллага байна. Эдгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Мөн 18001363 лавлах утсанд хандаж, даатгалын талаар болон даатгалаар үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын талаар мэдээлэл авах боломжтой.
-Монгол Улсын хэмжээнд даатгал төлдөг хүн хэд байна вэ?
-Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан 781.475, хувиараа 247.110, оюутан 58.751, гадаадын иргэн харьяалалгүй хүн, малчин 116.077, 0-18 насны хүүхэд 1.367,862, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, хүүхдээ асарч буй эх эцэг 98.296, ял эдэлж байгаа ажилтан 5037, нийгмийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэн 275.877 хүн Эрүүл мэндийн даатгал төлдөг.
-Манай улсад амьдарч байгаа гадаадын иргэд Эрүүл мэндийн даатгал төлдөг үү?
-Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэд Эрүүл мэндийн даатгал төлөх боломжтой. Даатгалаа дөрвөн хувиар төлж байгаа. Даатгалаа төлөөд гэрээт байгууллагаас тусламж үйлчилгээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Гадаад болон харьяалалгүй иргэд даатгал төлж байгаа.
-Эрүүл мэндийн үйлчилгээ авахад даатгалаас ямар нэгэн хэмжээ тогтоодог уу?
-Эрүүл мэндийн даатгал нь 2020 оноос том шинэчлэл, стратегийн худалдан авагч гэдэг том зорилтыг тавиад хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө нь даатгуулагч иргэд сардаа 55 мянга, улиралд 165 мянга, жилдээ хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг байсан. Хоёр сая төгрөг нь дууслаа гэхэд өөрсдөө мөнгөө гаргаж эмчилгээ хийлгэдэг байсан. Харин одоо стратегийн худалдан авагч болсноор ямар нэгэн тоо хязгаар тогтоодоггүй болсон.
Шаардлагатай тусламж үйлчилгээгээ хүссэн үедээ цаг алдахгүй авдаг боломжтой болсон гэсэн үг. Мөн төр хариуцах тодорхой субъектийг 100 хувь даатгалын сан даадаг болчихсон. Тухайн иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр гэрээт эрүүл мэндийн байгууллагаас даатгалаар тусламж үйлчилгээ авах боломж нь бүрдсэн байгаа. Даатгалаа цаг тухайнд нь төлж хэвшихийг иргэддээ уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Батнасан: Дөрөвдүгээр сарын 1-нээс хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд сард 15840 төгрөг төлнө | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.