![](/uploads/202502/news/thumb/12d6e37a5b892378bf377668c229a8a8_x3.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Комплекс АГРО” болон “Сохрани Зерно” компанийн төлөөлөгчдийг Дархан-Уул аймаг дахь яамны байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус компаниуд газар тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт техник, технологийн талаар танилцуулга хийж, хөрс, ургамлын үндсэнд шингэн бордоо цацах төхөөрөмж, үр тарианы үр хатаах, ангилах тоног төхөөрөмжийн давуу талуудын талаар мэдээлэл өгсөн юм.
ОХУ-ын 63 бүс нутагт дилерийн сүлжээтэй “Комплекс АГРО” компани Казакстан, Монгол Улсад дилерийн итгэмжлэл олгосон бөгөөд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бүтлийн ундрага” ХХК-ийг албан ёсны дилерээр батламжиллаа. Тус компани нь “Бүтлийн ундрага” ХХК-ийн автомат удирдлагатай үтрэмийн аж ахуйн барилгын ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайдын хамт тус компанийн төлөөлөгчид дилерийн сертификатыг гардуулан өгөв.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтаар “АТАР-4” аяны хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулж, үтрэмийн ажлыг хөнгөвчлөх шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд тус компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх шаардлагатайг дурдлаа.
Үүний дагуу “Комплекс АГРО” компанийн удирдлагууд Монгол орны нөхцөлд тохирсон үтрэмийн аж ахуйн эдийн засгийн үр ашигтай шийдлийг танилцуулахаар болов. Энэхүү уулзалт нь Монгол Улсын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөжүүлэхэд чухал алхам болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
ОХУ-ын газар тариалангийн дэвшилтэт технологи нэвтрүүлэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.