![](/uploads/202502/news/thumb/e95324eaedc98c8676f1e11aae79b711_x3.jpg)
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн 2 давхарт зохион байгуулагдаж байна.
Бид сар шинийн баяраар хамгийн өргөн хэрэглэгддэг хэвийн боов, цагаан идээний үнэ ханш, олдоц ямар байгааг сурвалжлахаар “Их наяд” худалдааны төвийг зорилоо.
Биднийг очиход худалдан авагч цөөн байв.
Увс аймгийн Зүүнхангай сумын худалдаа эрхлэгч “Амар байна уу үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ зорьж ирж, оролцож байна. Энэ удаад тавгийн идээний зүсмэл хавсай боов, яг ориг аарцан ааруулаар хийсэн хорхой ааруул, өрөм, зөөхийтэй оролцож байна. Өнгөрсөн оныхтой ижил үнээр худалдаалж байна. Үнээ нэмээгүй өнгөрсөн жилийн үнээ бариад л худалдаалж байна. Энэ үнээрээ явахад цаашид хэцүү байна. Холоос ирдэг учраас тээврийн зардал, бүтээгдэхүүний орц, найрлага гээд бүх юмны үнэ өссөн байна. Иргэдийн худалдан авах чадвар ч тааруу байна. Иргэдийн цалин, мөнгө буугаагүй байх шиг байна.
Тухайлбал, тавгийн идээний хавсай боов жижиг томоосоо шалтгаалаад 5-6 мянган төгрөг, тавгийн идээний хэвийн ааруул 350-450 мянган төгрөгөөр худалдаалж байна. Цэвэр аарцан хорхой ааруул, хуруудын хувьд 45 мянгын ханштай байна” гэлээ.
Харин Хөвсгөл аймгийн Хатгалаас ирсэн худалдаа эрхлэгч “Үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байна. Үйлчлүүлэгч багатай байна. Сарлагийн сүүн ааруул болон сүүг хатааж хийсэн янз бүрийн хэлбэр дүрстэй чихэр, шоколадтай худалдаанд оролцож байлаа. Бүтээгдэхүүнээс нь дурдвал, сарлагийн сүүн ааруул 35 мянга, шоколадаар хийсэн шагайн чихэр 1 килограмм нь 45 мянга, сүүн чихэр 1 килограмм нь 45 мянгын үнэтэй зарж байна” гэлээ.
Архангай аймгийн Цахир сумын худалдаа эрхлэгч Э.Эрдэнэчимэг “Амар байна уу үзэсгэлэн худалдаанд 3 дахь жилдээ оролцож байна. Ааруул, аарц, сарлагийн сүү, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээтэй иржээ. Бүтээгдэхүүний үнээс дурдвал, зөөхий 45 мянга, ээзгийтэй тос 35 мянга, ааруул 40 мянга, цэвэр хольцгүй шар тос 55 мянгын ханштай худалдаалж байна.
Харин тавгийн ком ааруул 400-450 мянга, шимийн архи 1 литр нь 10 мянга, сарлагийн хөлдөөсөн өтгөн сүү 1 килограмм нь 8 мянга, сүүн ааруул килограмм нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоогоор худалдан авалт тийм ч сайн биш байна” гэв.
Худалдаа эрхлэгчид ийнхүү ярьсан бол сар шинийн тавгийн боов, цагаан идээ сонирхож, үнэ асуусан иргэдтэй уулзлаа. Тэдний заримаас бид баярын ширээний идээ будааны үнэ ханш, сонголт хэр байгааг тодруулахад “Сонголт их байгаа ч өндөр үнэтэй байна. Хоёр килограмм ааруул авахад л 85 мянга болж байна” гэлээ.
Энд "Өгөөж"-ийн "Угалз" хэвийн боов ширхэг нь 5600, тавгийн суурь еэвэн 16.250-50.850, тавгийн иж бүрдэл ком еэвэн 35.500 төгрөг, харин "Талх чихэр" ХК-ийн хэвийн боов 5300-8200 төгрөгийн үнэтэй байв.
Харин "Өсөх баян" үйлдвэрийн шар тосоор хийсэн хэвийн боов хамгийн үнэтэй буюу 8500 төгрөгийн байлаа.
Хэвийн боов ширхэг нь 5000-8500 төгрөгийн үнэтэй байна | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.