Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.