Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон төр засгийн түшээд хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийн хамт Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Монгол Улсын Засгийн газар хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг үе шаттай зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 31203 хүний хэргийг шалган цагаатгаж, нэр төрийг нь сэргээснээс гадна 18036 хүнд 16.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 11-12-нд Бүгд Найрамдах Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцлоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзав. Уулзалтын үеэр гурван улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНДЭЭС уншаарай.
Монголын Үндэсний Олон нийтийн MNB.mn сайт нэг жилийнхээ ойн хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж байна. Тусламж хэрэгтэй хэн нэгэнд гараа сунгаж, амьдрал бэлэглэнэ гэдэг хамгийн жаргалтай зүйл. MNB.mn сайтын хамт олон бид цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд гар, бие оролцон нийт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч, сэтгүүлч, уран бүтээлчдийг “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” аянд нэгдэхийг уриалж байна. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Цус цуглуулах хэсэгт ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт очоорой. Хөдөө орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд өдөр бүр 08.00-13.00 хооронд цус цуглуулдаг. Мөн Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд, Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт цусны салбар банк ажилладаг байна. Таны өгсөн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг Блүүмбергээр дамжуулан гүйцэтгэхээр боллоо. Сангийн яам болон Блүүмберг ХХК Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү ажлыг эхлүүлээд байна. Сангийн яамны зүгээс тус зах зээлийн хөрвөх чадвар, ил тод байдал, дэд бүтцийг сайжруулж хөрөнгө оруулагчдыг татах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2014 оны дөрөвдүгээр улиралд багтаан Блүүмбергийн арилжааны системээр гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэрийг өөрчилж дараах нэршлээр нэрлэх болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Нэгдүгээр амаржих газрыг “Нийслэлийн Өргөө амаржих газар”, хоёрдугаар амаржих газрыг “Нийслэлийн Хүрээ амаржих газар”, гуравдугаар амаржих газрыг “Нийслэлийн Амгалан амаржих газар” хэмээн нэрлэхээр болжээ. Ингэхдээ дүүргүүд дэх эрүүл мэндийн нэгдлүүдийг тухайн дүүргийн Эрүүл мэндийн төв гэж нэрлэхээр болсон байна. Энэхүү өөрчлөлт 2014 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
"Ташкент 2014" ДАШТ-ий гурав дахь өдөр манай эмэгтэй дөрвөн бөх дэвжээнд гарснаас 60 кг-д хүч сорьсон "Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт 19 настай ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолны эзэн болж Монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо. Энэхүү гайхамшигт агшныг ЭНДЭЭС үзээрэй.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгийн гэрээ байгуулаад байна. Тус ажлын хүрээнд “Жи Мобайл”-ын урд талын авто замаас “Бодь цамхаг”-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 12-ны 22.00 цагаас есдүгээр сарын 19-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130 метр газарт ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоолоо. Энэ сарын 3-нд 15 настай М нь тарваганы давсаг, аав нь тарваганы хүн махыг, ээж нь цөсийг нь түүхийгээр залгисан байна. Мөн махаар нь боодог хийж долоон хүн иджээ. Ингээд маргааш нь М өндөр халуурч, есдүгээр сарын 5-нд сумын эмнэлэгт дуудлага өгсөн байна. Сумын эмч хүүд шаардлагатай эмчилгээ хийсэн ч халуун буугаагүй учраас өвчтөнг гэрт нь тусгаарлаж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нарт мэдэгджээ. Эмч нар хүүг үзээд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношлосон байна. Өвчтөнөөс зургаан төрлийн сорьц бүхий шинжилгээ авсан, одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Статистик мэдээллийн албанаас өнгөрсөн баасан гарагт бидэнд мэдээлсэн юм. Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг нийт иргэддээ хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаалаар нийслэлийн Засаг дарга Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох үүрэг хүлээсэн. Үүний дагуу хамтарсан захирамж, тушаал гаргаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулаад байна.
Улаанбаатар хотод цаг агаар өнөөдрөөс сэрүүсч, шөнөдөө хасах градуст шилжинэ. Энэ сарын 13-нд нийт дүүргээр бороо, хур тунадас орж, салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх юм байна. Түүнчлэн шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор дөрвөн градус хүйтнээс нэг градус дулаан, бусад дүүргээр 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хөрсөн дээр 3-8 хэм хүрч цочир хүйтэрнэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 3415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.