Шууд Chart

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

2025-02-13 11:58:29

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын 10 гаруй улс орны шилдэг 28 оролцогчдын нарийн хийцлэл бүхий мөсөн сийлбэрийг толилуулна. Мөн сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг илэрхийлэх үзүүлэн тоглолт, боловсролын оролцоот хөтөлбөр зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулах юм.

Фестивальд очсоноор:

- “Шинэлэх ёс” өргөө;
- “Цагаан сар” өргөө;
- “Түүхэн хөгжим” өргөө;
- “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
- “Язгуур урлаг”-ийн өргөө;
- “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
- “Тэмээн жин” өртөө;
- “Цаатан” өртөө;
- “Эрдэнэт сүрэг” өртөө;
- “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
- “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлох боломжтой.

Мөн түүнчлэн мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтойгоос гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болох аж. 

 

Нийтэлсэн: О.Ундармаа

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй