![](/uploads/202502/news/thumb/0be6c469ddd5d1f8b11225d126b1b47b_x3.jpg)
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.02.13/ Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.
Шадар сайд хэлсэн үгэндээ "Дэлхий ертөнц хиймэл оюун (AI), их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх өөрчлөлтийн эринд шилжиж байна. Энэхүү технологийн дэвшил нь эдийн засгийн бүтэц, засаглалын тогтолцоо, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжил, цаашлаад дэлхийн хүчний харьцааг өөрчлөх, дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдалд ч цогцоороо нөлөөлж буй хувьсгал болж байна. Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулан, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тиймд сүүлийн үеийн технологийн дэвшлийг хэрхэн улс орны хэмжээнд зөв зүйтэй ашиглаж, салбар бүрд их өгөгдлийг бий болгох, дижитал шилжилтийг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой зөв уялдуулах стратеги боловсруулах, шаардлагатай болж байна. Нөгөөтээгүүр ухаалаг хот, дагуул хотуудыг эрчимтэй хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эрчимжүүлж буй энэ үед онцгой байдал, гамшгийн эрсдэлийг удирдах гол хөшүүрэг бол их өгөгдөл юм. Их өгөгдөлд тулгуурлан ажиллах нь хиймэл оюуны цогц шийдэл бөгөөд технологийн ололт амжилтыг зүй зохистой ашиглах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна" гэдгийг онцоллоо.
Мөн Монгол Улс баялагт суурилсан эдийн засгийн бүтэцтэй ч зах зээлийн савлагаанд өртөмтгий, тогтвортой бус хэв шинжтэй. Тиймээс хиймэл оюуныг эдийн засгийн шинэчлэл, салбарын төрөлжилтөд оновчтой нэвтрүүлэх нь чухал. Үүний тулд, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг олборлох салбарт нэвтрүүлснээр үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй олборлолтыг хөгжүүлэх боломжтой юм. Цаашлаад хиймэл оюуны тусламжтайгаар Монгол Улсын санхүүгийн технологи, худалдааны шинэ платформуудыг хөгжүүлж, бүс нутгийн худалдааны төв болох боломжтой. AI-д суурилсан хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дижитал үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Монгол Улсын бүсчилсэн хөгжилд шинэ боломж нээгдэнэ хэмээн тодотгосон.
Хиймэл оюуны хөгжил зөвхөн эдийн засаг, нийгмийн хүрээнд бус, үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа, геополитикийн өрсөлдөөнтэй салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ хиймэл оюун нь улс орны аюулгүй байдалд хохирол учруулах, хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаах, хэн нэгнийг намнах хэрэгсэл болохоос сэрэмжлэх хэрэгтэйг Шадар сайд С.Амарсайхан сануулав.
Хиймэл оюуныг ашиглаж эхэлснээс хойшхи ганцхан жилийн дотор хуурамч дүрс бичлэгийн тоо 3 дахин, хуурамч дуу бичлэгийн тоо 8 дахин нэмэгджээ. Тиймээс кибер аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг сайжруулахгүйгээр хиймэл оюуны хөгжлийг зөв чиглүүлэх боломжгүй юм. Энэ цаг үед хиймэл оюунд суурилсан дижитал агуулга, хэлний боловсруулалт, соёлын өвийг хамгаалах технологийг хөгжүүлэх нь Монгол Улсын соёлын дархлааг бататгана. Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой. Хиймэл оюуны хөгжлийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд үлдээх бус, хөгжүүлэгч орон болох стратеги боловсруулах нь бидний зорилго байх ёстой. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой. Энэ зорилтын хүрээнд хиймэл оюуны ёс зүй, хариуцлагатай хөгжлийг хангах хууль эрх зүйн орчныг бий болгох нь нэн тэргүүний ажил юм. Цаашлаад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээний стратегийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хиймэл оюун, дэвшилтэт технологи, хүний нөөцийн ур чадварын гурван шилжилтийг улс орны хөгжлийг дараагийн түвшинд хүргэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгааг хэллээ.
“Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай” | ||
Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.