Шууд Chart

Г.Отгонтамир: Нэгдүгээр сард 1276 зам тээврийн осол бүртгэгдсэн

2025-02-17 10:23:03

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас зарим зүйлийг тодрууллаа.

-Зөрчилтэй болон торгуулиа төлөөгүй жолооч нар албадан ажил хийлгэх арга хэмжээ авч байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн алба хаагчид гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналтыг тавьж байгаа. Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж явах ёстой жолооч өдөр тутамдаа дүрмээ биелүүлэхгүй зөрчил гаргаж байна. Иймээс эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийг оногдуулж, тухайн зөрчил дээр торгуулийн арга хэмжээ авч байгаа. Зам тээврийн осол гарах нэг хэлбэр нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс шалтгаалж, хүний амь нас эрүүл мэнд, хөрөнгөд эрсдэл учирч байна. Иймээс хөдөлгөөн оролцож байгаа жолооч болон зорчигчид иргэд замын хөдөлгөөний дүрмээ бүгд мөрдөж явах ёстой.

Өдөр тутамдаа дүрэм зөрчиж, явган зорчигчид зам тавьж өгөх, гэр дохио зөрчдөг, эсрэг урсгал руу ордог, бусдын хөдөлгөөн хааж зогсдог гэх мэт маш олон зөрчил байгаа. Эдгээрийг давтан гаргаад байгаа нь байж болохгүй асуудал юм. Үүний цаана маш том эрсдэл байдаг. Эрсдэлийг харахгүй торгуулийг хараад байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулдаг

Хэрвээ торгууль нь 450 мянган төгрөгөөс дээш байвал цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр найман цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцогдоно. Шүүхийн шийдвэр гарсны дараа нийтэд тустай ажил хиймээргүй байна. Торгуулиа төлчихнө гэвэл хүлээж авахгүй. Нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан бол тухайн иргэн ажлаа хийнэ. Харин 450 мянгаас доош торгуультай байвал албан төлүүлэх арга хэмжээ авч байгаа.

-Одоогоор 450 мянгаас дээш торгуультай хэчнээн жолооч байна вэ. Нарийн тоо гаргасан уу?

-Нарийн тоог манайхаас өгөх боломжгүй. Өөр байгууллага нарийн тоо судалгааг гаргадаг. Тухайн байгууллагаас дата мэдээллийн авч байгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Камерын хяналтаар зөрчлийг хянаж, тухайн зөрчил гаргасан жолоочид торгуулийг явуулдаг биз дээ. Хөдөлгөөнд оролцоогүй байхад торгууль хуудас ирлээ гэдэг зүйлийг жолооч нар ярьж байна. Ийм тохиолдол байх уу?

-Цагдаагийн алба хаагчид торгуулаагүй хэрнээ теле камераар арга хэмжээ тооцогдсоныг иргэд мэдэхгүй байх тохиолдол байдаг. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камераар эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн хурд хэтрүүлсэн, нэгдүгээр эгнээгээр зорчсон, оношилгоонд ороогүй, улсын дугаар хязгаарлалт зөрчил дээр хяналтыг тавьж байгаа. Эдгээр зөрчлийг хяналтын камераар илрүүлж, торгуулийн арга хэмжээ авдаг юм.

-Нийслэлийн хэмжээнд камержуулалт хэр хийгдэж байгаа вэ?

-Ер нь гудамж талбай дээр алба хаагчид хяналт шалгалт тавьж байна. Жолооч нар цагдаа байгаа хэсэгт дүрмээр яваад цагдаа байхгүй хэсэгт зөрчил гаргадаг байдал хоцрогдсон. Техник технологийн дэвшлийг ашиглаад эхэлчихсэн. Тэр дундаа хяналтын системд технологийг нэвтрүүлж замын хөдөлгөөний хууль тогтоомжийг хангуулах чиглэл рүү түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн төсөв хөрөнгөөр 2024 онд теле камерын тоног төхөөрөмж, программ хангамжийг Улаанбаатар хотод эхлүүлсэн. Энэ онд 176 уулзвар гарцад дээр 2606 камерыг байршуулсан. Энэ камер нь гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн хөдөлгөөнд оролцох соёлд хяналт тавина.

-Он гарснаас хойш зам тээврийн осол хэр бүртгэгдсэн вэ?

-Нэгдүгээр сард 1276 зам тээврийн осол бүртгэгдсэн. Гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маш үүрэг хариуцлагатай. Жолооч зорчигчийн аюулгүй байдлыг хангахаас гадна бусад хөдөлгөөнд оролцогчдыг хэвийн аюул, саадгүй зорчихыг хангах үүрэгтэй.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил улсын хэмжээнд хоногтоо 50-60 зөрчил бүртгэгдэж байна. Одоо баяр ёслол давхцаад ирэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил улам нэмэгддэг. Удахгүй цагаан сар болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэт маш олон тэмдэглэлт өдрүүд болно. Цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт тавьж ажилладаг. Харин иргэдийн ухамсар соёл маш чухал. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүйгээр явах боломж зөндөө бий.

Тухайлбал, такси барих, дуудлагын жолооч дуудах гэх мэт маш олон сонголт бий. Нэг болгоомжгүй үйлдлээ шалтгаалж хүний амь нас эрүүл мэнд хохирдог. 2024 онд согтуугаар тээврийн хэрэгсэл 27 мянган зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 42 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. 2024 онд 1930 явган зорчигч осол өртсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Иргэд гарцтай гарамтай газраар гарч хэвшсэн.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын хөдөлгөөний 16.1 зааснаар уулзвар гарцад дөхөж ирээд хурдаа сааруулах, явган зорчигч гарцтай гарамтай хэсгээр гарч байх үед зам тавьж өгөх үүргээ биелүүлэхгүйгээр мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгдэж байгаа. Иймээс жолооч нар дүрмээ сайн баримталж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Г.Отгонтамир: Нэгдүгээр сард 1276 зам тээврийн осол бүртгэгдсэн  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй