Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна

2025-02-18 11:01:11

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй